Элэгний С вирусийг устгах Харвони эмийг үйлдвэрлэгч Гилеад Сайнс компани, түүний Монгол Улс дахь албан ёсны борлуулагч Омбол ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр оруулж ирсэн билээ. Энэхүү эмийг энэ сарын 28-ны өдрээс эхлэн хепатитийн С вирүсийн халдвартай, эмчилгээ шаардлагатай бүртгэгдсэн иргэдэд цахим жороор түгээж эхлээд байна.
Эрүүл мэнд, спортын яамны зүгээс гурван сар буюу нэг курс эмчилгээ нь 94000 ам.доллараар зарагддаг тус эмийг үйлдвэрлэгч АНУ-ын Гилеад сайнс компанитай “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд 1200 ам.доллараар Монгол Улсад оруулж ирэх, борлуулах тохиролцоонд хүрч чадсан юм. Дээрх эм орж ирэх хүртэлх хугацаанд ЭМСЯ нь Хепатитийн С вирүсийн халдварын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний удирдамжийг боловсруулж, нийт аймаг, дүүргийн, улсын болон хувийн томоохон нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ, ХСҮТ-ийн нийт 130 гаруй эмчийг сургаж бэлтгэсэн. Мөн ХӨСҮТ дээр тусгай програм хангамжийг боловсруулж, хепатит С вирүсийн халдвартай, эмчилгээ шаардлагатай иргэдийг бүртгэж байна.
Хепатитийн С вирүст халдвартай хүмүүс эмчилгээнд хэрхэн хамрагдах вэ
Хэрвээ та өөрийгөө тус халдварт өртсөн байж болзошгүй гэж үзэж байгаа эсвэл өмнө нь хийлгэсэн лабораторийн шинжилгээгээр С вирүсийн халдвартай гэж тогтоогдож байсан бол өөрийн харьяа аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, бүсийн оношилгоо эмчилгээний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, төмөр замын нэгдсэн эмнэлэг, БХХСАХНЭ-ийн дотор, халдвартын сургагдсан эмч нарт хандаж, зөвлөгөө авч, шаардлагатай шинжилгээнүүдийг хийлгэн, бүртгэлд орж цахим жор бичүүлэн
Хепатитийн С вирүст халдварыг илрүүлэх шинжилгээг хаана хийлгэх вэ
Дээр дурдсан эмнэлгүүдийн лабораториудад элэгний үйл ажиллагааны шинжилгээг хийлгэж болно. Харин Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-өөс вирүсийн ачаалал тодорхойлох шинжилгээг хийх чадавхи бүхий хүсэлт гаргасан төрийн болон хувийн хэвшлийн лабораториудад хөндлөнгийн хяналт хийж дараах лабораториудыг шалгаруулсан юм. Нэн тэргүүнд элэгний үйл ажиллагааны сорил, вирус тоолох шинжилгээг заавал өгсөн байх хэрэгтэй. Бусад шинжилгээ шаардлагатай эсэхийг таны эмчлэгч эмч шийдвэрлэнэ.
Иргэд эрүүл мэндийн даатгалаар цусны дэлгэрэнгүй шинжилгээ, цусны биохимийн шинжилгээ, хэт авиан шинжилгээнд хамрагдах ба харин С вирүсийн ачаалал тодорхойлох шинжилгээний зардлыг өөрөө хариуцна. Дээрх лабораториудад хийгдэж байгаа С вирүсийн ачаалал тодорхойлох шинжилгээний дундаж өртөг нь 90-190 мянган төгрөгийн өртөгтэй байна.
Одоогийн байдлаар аймгуудад С вирүс тоолох шинжилгээ хийгдэж эхлээгүй байгаа тул Улаанбаатар хотод ирж уг шинжилгээг хийх эрх авсан эмнэлэг, лабораториудад хандаж болно. Мөн аймгууд эрх бүхий лабораториудтай гэрээ хийж сорьцоо өөрсдөө эсвэл мэргэжилтэн урьж бэлтгүүлэн шинжилгээг хийлгэж болно.
Хепатит С вирүсийн халдварыг эмчлэх ямар эмийг сонгох вэ
Дээр дурдсан эмнэлэгт зөвхөн мэргэшсэн эмчийн хийсэн үзлэг, лабораторийн болон бусад шинжилгээг үндэслэн таныг хепатитийн С вирүсийн халдвартай, мөн эмчилгээ хийлгэх шаардлагатай эсэхийг тогтоохыг анхааруулж байна. Эмчийн дүгнэлтийг үндэслэн эмчилгээ хийлгэх эсэхийг зөвхөн өвчтөн та өөрөө шийдвэрлэх эрхтэй. Гэхдээ хепатитийн С вирүсийн халдварыг эмчлээгүй тохиолдолд элэгний хатуурал, хорт хавдар зэрэг амь насанд аюултай өвчин үүсэх магадлалтай. Одоо Монгол Улсад бүртгэлтэй Совалди (Софосбувир 400мг), Харвони (Софосбувир 400мг/Ледипасвир 90мг) эмийг эмчилгээнд хэрэглэж байна.
Харвони эмийг хэрэглэхэд ямар нэгэн дэглэм барих шаардлагатай юу
Харвони эмийг хэрэглэж байгаа өвчтөн эмчийн зааврыг заавал мөрдөх хэрэгтэй. Эмийг өдөр бүр тогтмол цагт таслахгүй уух, эм ууж байх үедээ архи, пиво, дарс хэрэглэхгүй байж, ямар нэгэн зовиур илэрвэл хяналтын эмчдээ хандаж зөвлөгөө авах хэрэгтэй. Анх удаа эмчилгээ хийлгэж буй элэгний хатууралтай болон хатууралгүй өвчтнүүд, урьд нь эмчилгээ хийлгэсэн элэгний хатууралгүй өвчтнүүдэд 3 сар, урьд нь эмчилгээ хийлгэсэн элэгний хатууралтай өвчтнүүдэд 6 сар хугацаагаар эмчилгээг хийнэ. Харин ээнэгшлээ алдсан үе шатандаа буй элэгний хатууралтай өвчтөн болон ХСВ-ийн архаг халдвартай хүүхдэд аюулгүй, үр дүнтэй гэдэг нь тогтоогдоогүй байна. Харвони эмийг хэрэглэж болохгүй эсрэг заалт одоогоор байхгүй. Гэхдээ бөөрний ялгаруулах үйл ажиллагаа алдагдсан болон бөөрний архаг дутагдалтай өвчтөнд тунг зөвлөх боломжгүй юм.
Харвони эмийг хаанаас ямар эмийн сангаас худалдан авах вэ
Улаанбаатар хотод төр, хувийн хэвшлийн эмнэлэгт байрлах нийт 14 эмийн сан, аймаг тус бүрт нэгдсэн эмнэлэгт байрлах нийт 22 эмийн сангаар эмийг олгоно. Эмийн сангуудын дэлгэрэнгүй жагсаалтыг Эрүүл мэнд, спортын яам, ХӨСҮТ, Омбол ХХК-ны цахим хуудаснаас тус тус авч болно.
Харвони эмийг 30 гаруй улсад бүртгэгдсэн, хепатит С вирүсийн халдварын эмчилгээнд хэрэглэж байна
Харвони болон бусад аливаа шинэ эмийг АНУ-д бүртгэж, хэрэглээнд гаргахаас өмнө Хүнс, эмийн агентлаг (FDA) нь маш хатуу хяналтыг тавьж, эмнэлзүйн өмнөх болон эмнэлзүйн судалгааны дүнг үндэслэдэг байна. Хүнс, эмийн агентлаг (FDA) нь судалсан шинэ эмэнд баталгаа өгөхдөө судалгааны ажлыг хянах, хэлэлцэх, эмнэлзүйн туршилт, хүний эд эрхтэнд үзүүлэх хор нөлөө, эрсдлийн шалтгааныг судалж, хүний бие махбодид тохиромжтой, аюулгүй эсэх талаархи мэдээлэл, шаардлага хангасан байдлыг хянаж шинжээчдийн баг эмийн үр дүн, аюулгүй байдлыг эм үйлдвэрлэгчдийн хийсэн судалгааг үнэлж дахин магадлан улсын бүртгэлд бүртгэсэн байна.
Одоогийн байдлаар Харвони эмийг АНУ-аас гадна Европын холбоо, Канад, Щвейцар, Шинэ Зеланд, Турк, Египет зэрэг 30 гаруй улсад бүртгэгдсэн, хепатит С вирүсийн халдварын эмчилгээнд хэрэглэж байна. Тус эмийн үр дүнгийн талаар хөндлөнгийн судалгаа хийгдсэн байна. Тухайлбал Япон Улсад тус эмийн үр дүнд судалгаа хийхэд 100 хувийн амжилттай гарсан байна.
Харвони эмийг хэрхэн уух вэ
- Эмийн сангаас 28 ширхэгээр савлагдсан 1 сарын эмчилгээнд хэрэглэх нэг савтай Харвони эмийг өгнө. Тус эмийн савны ёроолд тусгай код наасан тул эмийг хүнд дамжуулахгүй, хуваахгүй, зөвхөн өөрөө ууна.
- Уугаад дууссан эмийн хоосон савыг эмийн санд заавал буцааж өгнө.
- Сар тутам эмчдээ үзүүлж, хянуулсны дараа сарынхаа эмийн жорыг бичүүлнэ.
Эмчлүүлэгч та төлбөрөө хэрхэн төлөх вэ
- Төлбөрийг бэлэн мөнгөөр хийхгүй, эмийн санд төлөхгүй, зөвхөн Худалдаа Хөгжлийн банк дахь Омбол ХХК-ийн дансанд шилжүүлнэ. Дансны дугаарыг утсаар хэлж өгнө.
- Утсаар хэлсэн дансанд эмийн төлбөрийг төлсөнөөс хойш УБ хотын хүн бол 2-3 хоногийн дараа заасан эмийн сангаас өөрийн биеэр, иргэний үнэмлэхтэйгээ ирж эмээ авна. Хөдөө орон нутгийн өвчтөнүүдийг төлбөрөө хийсний дараа тухайн орон нутгийн эмийн сан руу явуулна. Аймгийн эмч нартайгаа холбогдож асууж болно.
- Эмийн төлбөрийг 1 сараар эсвэл 3 сар буюу курс эмчилгээний бүтэн хэмжээгээр төлж болно. Төгрөгөөр төлөх ханшийг утсаар ярихдаа хэлж өгнө. Тухайлбал нэг сарын төлбөр өнөөдрийн байдлаар 800800 төгрөг байна. Дараа сард эмээ авахын өмнө дахиад төлбөрөө төлнө. Мөн 3 сар буюу курс эмчилгээний бүтэн төлбөрөө нэг дор төлж болно.
- Төлбөр хийгдсэний дараа эмийг эмийн санд хүргүүлнэ.
Хепатитийн С вирүст халдварын оношилгоо, эмчилгээний талаарх мэдээллийг хаанаас авч болох вэ
Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/ нь улсын хэмжээнд эмч, мэргэжилтнийг мэргэжил арга зүйгээр хангах, оношилгоо, эмчилгээг хянах, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх эрх, үүрэг бүхий байгууллага бөгөөд цаашид дээрхи бүх үйл ажиллагааг гардан хариуцах болно. Тиймээс элэгний С вирүст халдварын эмчилгээ, оношлогооны талаар лавлаж тодруулах зүйлээ Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн 454921, 450443, 99008084, 99157794 дугаарын утсанд холбогдож асуух болон www.nccd.gov.mn, www.mohs.mn – цахим хуудаснаас өөрт хэрэгтэй мэдээллээ авах боломжтой юм байна.