Хуучин он улирч, шинэ он айлсан ирэх тэрхэн завсарт “Монгол ньюс” компанийнхан баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Уламжлал ёсоор манайхны шинэ жил арванхоёрдугаар сарын 28-нд болж, ганган даашинзтай дэрвэлзсэн бүсгүйчүүд, жентельмэн харчуудын хөлд “Улаанбаатар” ресторан дарагдав.
Шинэ жилийн үдэшлэгийн тухай янз бүрийн хошин яриа, онигоо цөөнгүй байдаг ч жилд ганц тохиох баярынхаа үдэш хүүхнүүд төрөл арилжталаа гоёж, харчууд ердийнхөөсөө илүү харц булаам болоход юу нь буруу байх билээ.
Учир нь цагаан цас, өвлийн өвгөн, цасан охид, цаа буганы тухай дуулдаг шинэ жилийн баярын үдэш л томчууд биднийг үлгэрт итгэдэг жаалхан насанд минь аваачдаг шүү дээ.
Шинэ оныг шинэ хүсэл мөрөөдөл, шинэ зорилго, шинэ амжилт, шинэ эхлэл хийгээд таамаглашгүй олон нууцтай нь хамт угтах гэж буй дээрх шидэт үдэшт зориулан зүсээ гоодож, зүрхээ догдлуулах эрх чөлөө бүгдэд бий.
Сэтгүүлчдийн шинэ жил онцлогтой. Тэр дундаа “Монгол ньюс”-ийнхний шинэ жил бүр ч онцгой болдог шиг санагддаг юм. Магадгүй энэ миний л бодол. Манайхны шинэ жилийн баярыг Дуурь бүжгийн эрдмийн театрын урдаа барьдаг дуучид “Хундаганы дуу”-гаараа эхлүүлдэг жамтай.
Поп хатагтай Б.Сарантуяагийн шинэ жилийн тухай гайхамшигт дуунуудгүйгээр бидний шинэ жилийг төсөөлөх аргагүй. Цэнгээнт бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тав дахь жилдээ амжилттай оролцож буй “Хатан туул” хамтлагийнхан манай шинэ жилийн үдэшлэгт уригдан ирж, баяр дээр баяр нэмдэг.

Мөнгө санхүүгийн гачигдал хаа сайгүй нүүрлээд байхад ч сониныхоо буянаар урлаг соёлынхныг жагсаах нь холгүй авчирч байгаад баяраа тэмдэглэдэг “даварсан” улс юм даа, бид.
2015 онд манай ам бүлд цөөнгүй залуу боловсон хүчин орж ирсэн нь нэгэн онцлог байсныг “Монгол ньюс” группийн ерөнхий захирал Н.Шүр шинэ жилийн баярын цэнгүүнийг нээж хэлсэн үгэндээ дурдсан. Шинэ залуу сэтгүүлчдээр “цус сэлбэснээс” гадна улиран одож буй он бидний хувьд ололт амжилт, олз омог дүүрэн жил байлаа.
Өнгөрсөн онд ажил үйлсээрээ хамт олноо манлайлсан шилдгүүдийг шалгаруулах ёслол шинэ жилийн баярын хамгийн сэтгэл догдлуулсан мөч гарцаагүй мөн билээ.
2015 онд “Өнөөдөр” сонины шилдэг бичлэгийн шагналыг хоёр хүнд олгосон нь Чөлөөт цаг, танин мэдэхүйн мэдээллийн албаны дарга Ж.Эрдэнэцэцэг, Нийгэм, шуурхай мэдээллийн албаны сэтгүүлч О.Бат-Ундрах нар байлаа. Хөрөг ярилцлагын төрлөөр гаршсан Ж.Эрдэнэцэцэг даргын “Н.Жанцанноров: Монголын соёл урлагийн төлөө би зүтгэн зүтгэн зүтгэх болно”, “Э.Амартүвшин: Би их гүрнийг донсолгож байгаад ирлээ”, “Сөөсгөр хүү” зэрэг бүтээл эзэндээ шилдэг бичлэгийн шагналыг авчирсан юм.
Харин сэтгүүлч О.Бат-Ундрахын хувьд эрүүл мэндийн сэдвээр дагнан бичдэг бөгөөд энэ удаа “Улаан тарианы үе эргэн ирлээ”, “Эмнэлгийн 1100 гаруй тоног төхөөрөмж хаягдах нь” цуврал нийтлэлээрээ шилдэг бичлэгийн шагнал хүртлээ.
Манай сонины шилдэг залуу үеийнхний төлөөлөл тэрбээр өнгөрсөн жил “Улаан тарианы үе эргэн ирлээ” нийтлэлээрээ “Балдорж” шагналын шилдэг 10-т багтсаныг уншигчид санаж байгаа биз ээ.
Сонины ажил зөвхөн сэтгүүлчдийн нуруун дээр оршин тогтнодоггүй, гэрэл зурагчид, дизайнерууд, санхүүгийн алба, реклам сурталчилгаа, хэвлэх үйлдвэрийнхэн гээд олон хүнээс шалтгаалдаг. “Өнөөдөр” сонины шилдэг гэрэл зурагчнаар Б.Мөнх-Эрдэнэ, шилдэг дизайнераар Ц.Баасанжаргал нар шалгарав.
Манай сонин ямархуу зураг хөрөг, өнгө төрх, загвар дизайнтай гарах вэ гэдэг энэ хүмүүстэй, тэдний үйлс нэгт нөхөдтэй салшгүй холбоотой. Мөн санхүүгийн албаны шилдэг ажилтнаар Д.Бямбасүрэн, олон нийттэй харилцах албаны шилдэг ажилтнаар О.Батцэцэг, хэвлэх үйлдвэрийн шилдэг ажилтнаар Х.Ганхуяг нар шалгарав.
“Өнөөдөр” сонины ерөнхий эрхлэгч Б.Нандинтүшигийн нэрэмжит шагналыг Г.Цолмон даргатай Эрэн сурвалжлах мэдээллийн албаныхан хүртсэн юм. Цоомоо даргын албанд Ч.Болортуяа, Г.Баярцэцэг, Х.Азжаргал гэсэн гурван бүсгүй ажилладаг.

Эрэн сурвалжлах албыг хэвлэл мэдээллийнхэн хамгийн хэцүү бэрх, хамгийн адармаатай гэдэг. Гэвч яагаад ч юм энэ албанд эмзэг туяхан бүсгүйчүүд эрчүүдээсээ илүү амжилттай ажилладаг гэсэн аман теорем бий. Үүнийг батлах шиг манай эрэнгийн бүсгүйчүүд “галын шугам” дээр хэзээд бэлэн зогсож байдаг нь бахдам.
Баярын энэ өдөр Г.Цолмон дарга мөн Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу сэтгүүлч” цол тэмдгээр энгэрээ цоолсныг дуулгахад таатай байна. Тэгвэл 2015 онд шинэ өнгө төрхтэйгөөр дахин “мэндэлж”, үйл ажиллагаагаа улам өргөжүүлсэн mongolnews.mn сайтынхан шилдэг албаар шалгарсан юм.

Балдоржийн Номинтүшиг эрхлэгчтэй энэ хамт олон мөн л дандаа бүсгүйчүүдээс бүрдэнэ. Хариуцлагатай нарийн бичгийн дарга нь манай “Өнөөдөр” сонины Чөлөөт цаг, танин мэдэхүйн албаны тоймч Ж.Солонго. Ард нь О.Ундармаа, Д.Оюунбилэг, Г.Оюунтогтох Г.Жаргалмаа, Э.Энхзул гэсэн асаалттай танк шиг эрч хүчтэй бүсгүйчүүд бий.
Харин тэднээс mongolnews.mn сайтынхаа шилдэг ажилтнаар Д.Оюунбилэг шалгарсан юм. Мөн бидний халуун ам бүлд багтдаг “Таван цагариг” сонины шилдэг ажилтнаар Б.Буяндалай шалгарсан бол “UB Post” сонины шилдэг ажилтнаар Э.Баасанням тодорлоо.
Түүнчлэн бидний дундаас гурван хүн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн “Ган үзэг” шагналаар энгэрээ цоолов. Сэтгүүлчдийн хувьд хамгийн анхны бөгөөд хамгийн эрхэм хүндтэй шагналд зүй ёсоор тооцогддог “Ган үзэг”-ийг шилдэг бүтээлд олгодгоороо онцлог.
Тэгвэл “Өнөөдөр” сонины Улс төрийн мэдээллийн албаны сэтгүүлч Б.Номин “Үүлийн үйлийн үр”, Эдийн засаг, бизнесийн мэдээллийн албаны сэтгүүлч Ц.Болормаа “Хар алтны хар таамаг”, Чөлөөт цаг, танин мэдэхүйн мэдээллийн албаны сэтгүүлч Б.Дөлгөөн “Ч.Галсан: Ишш, намайг Ерөнхийлөгч болгоосой” нийтлэлээрээ дээрх шагналыг хүртсэн.
Та нартаа уншигчдынхаа өмнөөс халуун баяр хүргэе. Ийнхүү шинэ жилийн үдэш танхимд шагналын хур буухын сацуу дуу хуур, бүжиг наадам, инээдэм наргиан, баяр талархлын үгс, нөхөрсөг үнсэлт гээд энэ бүхэн цаг хугацаа, орон зайг үл харгалзан чөлөөтэй нисэлдэн байв.
Шинэ жилийн үдэш ер бусын байдгийн нууц магадгүй энд л оршдог гэлтэй. Энд шинэ хүсэл мөрөөдлүүд соёолон амилж байдаг учраас тэр. 2016 онд манай хамт олныг ч бас шинэ хүсэл тэмүүлэл, шинэ оргилууд хүлээж байгаа.
Учир нь Монголын анхны өдөр тутмын чөлөөт хэвлэл “Өнөөдөр” сонин үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой энэ жил тохионо. Нэрт сэтгүүлч Ц.Балдорж агсны үүсгэн байгуулсан энэ сонин эрийн цээнд хэдийнэ хүрчээ.
Анхнаасаа л мэргэжлийн байх, шударга ёс зүйтэй байх, ашиг хонжоо харж бус, алс ирээдүйгээ бодож байгаль орчинд ээлтэй байх зарчмыг бусдадаа үлгэрлэсээр ирсэн бидний “Өнөөдөр”.
Дараагийн шинэ жилийн баяраар “Өнөөдөр”-ийнхөн, “Монгол ньюс”-ийнхэн ямар амжилт, ямар түүх бүтээсэн байхыг 360 хоногийн цаадтайх он цагийн хуудас уншигчдад маань харуулна. Харин түүнийг өнөөдрөөс бид бичиглээд эхэлчихсэн.
Л.ГАНЧИМЭГ