Төрийн ордны баруун хойд хаалганд арванхоёрдугаар сарын 29-нд гал гарсныг Төрийн тусгай хамгаалалтын газрынхан ихэд нууцалж байна. Өөрсдийнх нь ажлын хариуцлагатай холбоотой учраас ийнхүү нууцалсан бололтой.
Учир нь хаалганаас нь утаа савсаж буйг тэд мэдээгүй байхад ойрхон явж байсан иргэн ЦЕГ-ын Шуурхай удирдлага, мэдээллийн төвийн утсанд хандаж дуудлага өгсөн гэнэ.
Галын шалтгаан нөхцөлийг тодруулахаар цагдаагийнхан очиж, хэргийн газрын үзлэг хийх гэтэл ТТХГ-ын ажилтнууд “Цагдаагаар шалгуулах шаардлагагүй” гээд явуулсан сурагтай. Өдгөө тагнуулынхан галын шалтгаан нөхцөлийг тогтоож байгаа болов уу.
Тухайн үед Төрийн ордонд байсан эх сурвалж “Үүднийх нь цахилгаан халаагуур хэт ачааллын улмаас шатаж гал гарсан юм шиг байна лээ” гэсэн юм. Төрийн ордонд 2015 онд хоёр дахь удаагаа гал гарах шахсан нь энэ.
Өмнө нь 2015 оны тавдугаар сард ордны баруун жигүүрийн хоёрдугаар давхарт оршдог Засгийн газрын хуралдааны танхимд цахилгааны богино холболтоос үүдэн гал гарч байсан билээ.
Г.ОРЧЛОН