Цахим сүлжээнд “Чингис Өнөртүвшин” хаягтай Ч.Өнөртүвшин гэх залуу охид, бүсгүйчүүдийг "фотомодель” болгоно хэмээн студидээ аваачин нүцгэн зургийг нь авч дараа нь цахим сүлжээнд тавина хэмээн сүрдүүлж бэлгийн дур хүслээ хангадаг байсныг Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс тогтоож эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэсэн юм.
Харин энэхүү хэрэгт холбогдсон Ч.Өнөртүвшин тайлбар хийхдээ “Нэр төрд халдаж байна. Ийм муухай нэр зүүчихээд байгаагаа шалгуулмаар байна. Хамтран ажиллах санал тавьсныхаа хариуд нэр төрөө сэвтээлээ. Сурталчилгааны саналыг өөрийг нь өдөж, хоргоож буй мэтээр ойлгож буй охид, бүсгүйчүүдийн сэтгэхүйд харамсаж байна” хэмээн өөрийнхөө цахим хуудаснаа уртаас урт тайлбар оруулсан байна.
Түүнд Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан бөгөөд мөрдөн байцаалтын явцад энэхүү хэрэг хийсэн гэх сэжигтэн Ч.Өнөртүвшин нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдоогүй байна. Тиймээс түүнд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.