Хуучин оны сүүлчийн өдөр буюу 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нд УИХ-ын гишүүн Х.Баттулга, Зам тээврийн сайд асан, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх нарыг эрүүгийн хэргийн сэжигтнээр татах болсон дуулиан дэгдлээ.
Хэдийгээр тэрбээр Б.Батзаяагийн гэх мөнгө угаасан, их хэмжээний хөрөнгө залилан мэхэлж авсан хэрэгт холбоогүй хэмээн хэвлэлээр мэдэгдэж байсан ч эрүүгийн хэрэгт сэжиглэгдэж буй нь үнэн гэдгийг прокурор, АТГ-ын эх сурвалжууд баталж байгаа юм.
Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Монголын төмөр зам” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяаг эрх мэдэл албан тушаалаа урвуулан мөнгө угаасан, эд хөрөнгө залилан мэхэлсэн байж болзошгүй хэмээн өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхээр сэжигтнээр татсанаас хойш нэлээд хугацаа өнгөрөв.
Энэ хугацаанд түүний хамсаатан “Монголын төмөр зам” компанийн дэд захирал Пүрэвдоржийн Бат-Эрдэнэ, “Либерти партнерс” компанийн гүйцэтгэх захирал Чулуунхүүгийн Ганбат нарыг Интерполоор эрэн сурвалжлуулж байгаа билээ.
Зарим хэвлэлд дээрх хоёр сэжигтний нэг нь “Англид байна, ирж аваач, хэргээ хүлээе” хэмээн захиа бичсэн гэсэн мэдээлэл гарч байсан. Харин прокурор болон АТГ, ЭЦГ-ын хамтарсан ажлын хэсгийн эх сурвалж “Ч.Ганбат захидал бичсэн гэх мэдээлэл цацагдсан нь ямар ч үндэслэлгүй.
Өөр дөрвөн хүнийг цагдан хорьсон гэдэг нь ч худлаа. Б.Батзаяаг яллагдагчаар тооцон дөнгөж мэдүүлэг авч эхэлж байна” гэсэн юм.
Энэ хэрэгт холбогдуулан БНСУ-ын иргэн, “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жон Гёлыг бас цагдан хориод буй.
Түүний энэ компани дэлхийд алдартай “Самсунг” корпорацтай ямар ч холбоогүйг хууль хяналтын байгууллагынхан тогтоосон бөгөөд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу дээрх солонгос эр нутаг нэгт өөр нэг хүний хамт ирээд 100 мянган ам.доллар банкинд байршуулж, SCTCEM гэх компани байгуулсан юм байна.
Ингээд Б.Батзаяа нартай нийлж, Төмөр замын төсөл хэрэгжүүлэгч компани болгож харагдуулан Хонконгоор дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж байгаа юм.
ГУРВАН ЗҮЙЛ АНГИД ЗААСАН ХЭРЭГТ СЭЖИГЛЭЖЭЭ
Б.Батзаяаг баривчлах үед хууль хяналтын байгууллагын эх сурвалжууд “Монголын төмөр зам” компанийн эзэмшлийн галт тэрэгний хоёр ч зүтгүүрийг БНХАУ-аас худалдан авч, улмаар түүнийгээ нэгэн арилжааны банкны барьцаанд тавьж 500 гаруй сая ам.долларын зээл аваад “Самсунг Си энд Ти” буюу SCTCEM-д шилжүүлсэн аж.
Ингээд тус компаниас их хэмжээний мөнгө БИД хэмээх банк бус санхүүгийн байгууллагын дансанд орж, улмаар Б.Батзаяад хүрсэн бололтой. Галт тэрэгний зүтгүүрийг барьцаанд тавих эрх олгоход тухайн үеийн ТӨХ-ны удирдлага ч оролцсон юм байна.
Тиймээс энэ хэрэгт Б.Батзаяагаас гадна нэлээд олон хүн тайлбар, мэдүүлэг өгөх бололтой. Тухайлбал, ТӨХ-ны даргаар ажиллаж байсан, Цэцийн гишүүн Д.Сугар, салбарынх нь сайдаар ажиллаж байсан Х.Баттулга, А.Гансүх нараас гэрчийн мэдүүлэг авахаар болж байгаа” хэмээж байв.
Б.Батзаяагийн тайлбар мэдүүлэг, бусад нотлох баримтанд үндэслэн УИХ-ын гишүүн Х.Баттулга, Зам тээврийн сайд асан, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх нарыг сэжигтнээр татсан гэнэ.
Тэднийг Эрүүгийн хуулийн 148.4-т заасан бусдын онц их хэмжээний эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, 1661.1-т заасан мөнгө угаах, 272.2-т заасан албан үүрэгтээ хайнга хандсан гэсэн үндэслэлээр сэжигтнээр тооцсон аж.
Гэхдээ зарим цахим хуудаст бичээд байгаа шиг тайлбар мэдүүлэг авсан гэдэг нь ташаа, ямар ч мэдүүлэг аваагүй талаар прокурорууд мэдээлэв.
Учир нь Х.Баттулга УИХ-ын гишүүн учраас халдашгүй бүрэн эрхтэй. Тиймээс түүнээс ямар нэг тайлбар мэдүүлэг аваагүй. Мөрдөн байцаалтын явцад Улсын ерөнхий прокуророор дамжуулж, Халдашгүй байдлын дэд хороонд гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлж, мэдүүлэг авах хүсэлт хүргүүлэх байх.
А.Гансүхийн тухайд ямар нэг дархлаа, халхавч байхгүй учраас тайлбар мэдүүлгийг нь удахгүй авч эхэлнэ. Прокурорын тушаалаар ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд багтсан ажлын хэсгийнхэн мөрдөн байцаалтаа үргэлжлүүлж байгаа гэж албаны эх сурвалж нэмж хэлсэн юм.
ӨМГӨӨЛӨГЧ Б.БАТЗАЯАГ ЦАГДАН ХОРЬЖЭЭ
“Ананд энд Батзаяа” хуулийн фирмийн захирал Б.Батзаяаг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр хууль хяналтын байгууллагынхан цагдан хорьсон гэх мэдээлэл байна.
Тэрбээр УИХ-ын гишүүн Х.Баттулга болон ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяагийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан гэх мэдээллийг эх сурвалжууд өгч буй юм. Дээрх хуулийн фирмийн захирлыг МИАТ-ын гэх мөнгө угаасан хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн Ч.Хоролсүрэнгээс хоёр сая ам.долларыг нь залилсан хэмээн буруутгаж буй гэнэ.
Түүнээс гадна “Ананд энд Батзаяа” хуулийн фирмийн захирал Б.Батзаяа хүмүүстэй хамтран хууль бусаар Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт буга, чоно, зэрлэг гахай авласан гэх хэргийг дээрх хэрэгт нэгтгэсэн гэдгийг орон нутгийн цагдаагийн байгууллагынхан бидэнд мэдээлэв.
Иргэдээс ирсэн мэдээллийн дагуу тус аймгийн Цагдаагийн газрынхан хөлөглөж явсан автомашиныг нь шалгахад бугын толгойн ястай эвэр, мөн гөрөөсний эвэр, гурван чонын арьс, зэрлэг гахайн арьстайгаа гуя зэрэг эд эрхтэн байсан аж.
Г.РАВЖАА