Энэ жилээс хүүхдийн мөнгийг ялгавартай олгох болсон нь өнгөрсөн оны сүүлчийн дуулиануудын нэг байв. Энэ сургаар арванхоёрдугаар сарын мөнгө Сангийн яамнаас шилжин ороогүй байгаад эцэг эхчүүд нэлээд бухимдаж байгаа. Уг нь сар бүрийн 20 гэхэд мөнгө нь хүүхдүүдийн дансанд асуудалгүй байршчихдаг байв. Тэгвэл Сангийн яамныхан “Төрийн данс хаагдсан, төсөв бүрдээгүй. Гэхдээ энэ сарын 10-ны дотор хүүхдийн мөнгийг багтаан олгоно” гэж мэдээлэв.
Өрхийн амьжиргааны түвшний 1-17 дугаар бүлэгт хамаарах айлын хүүхдүүд энэ сараас мөнгөө үргэлжлүүлэн авах боломжтой. Иргэд эл бүлэгт багтаж буй, эсэхээ харьяа хорооныхоо нийгмийн ажилтнаас лавлана. Харин амьжиргааны түвшнээ шинээр судлуулах хүсэлтэй өрх өргөдлийн маягт дахин бөглөх юм. Улсын хэмжээнд өмнө нь 1.030.000 хүүхэд сар бүр 20 мянган төгрөг авдаг байжээ. Үүнээс 601.000 нь мөнгөө тасралтгүй явах боломжтой. Харин үлдсэн 429 мянган хүүхдийн эцэг эх энэ сарын 20-ны дотор өрхийн бүртгэлийн сангийн 1-17 дугаар бүлэгт багтаж буй, эсэхээ тодорхойлуулах шаардлагатай аж.