Жил ирэх бүр төрөлт нэмэгдэж байгаа учраас хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авах хүүхдийн тоо нэмэгдэж иржээ. Тухайлбал, 2012 оноос хүүхдийн мөнгийг 900 орчим мянган хүүхдэд өгдөг байсан бол 2015 онд нэг сая 25 мянга хүүхэд авдаг болжээ. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгөнд 2013 онд 278 тэрбум, 2014 онд 312 тэрбум, 2015 онд 246 тэрбум төгрөг зарцуулдаг болсон аж.
Тэгвэл энэхүү төсвийг танахаар 2013 оны арваннэгдүгээр сард хийсэн өрхийн амьжиргааны судалгаан дээр суурилж хүүхдийн мөнгийг зөвхөн Монгол Улсын өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн 1-17 бүлэгт багтсан айл өрхийн 823 мянга орчим хүүхдэд л олгохоор шийдвэрлэсэн. Ингэснээр амьдралын боломжтой, амьжиргааны түвшин дээгүүр 18-20 дугаар бүлэгт хамрагдсан айлын 100 мянга орчим хүүхдэд хүүхдийн мөнгө олгохгүй гэсэн үг. Тиймдээ ч энэ онд хүүхдийн мөнгөнд 144 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Энэ нь өмнөх оныхоос 40 орчим хувиар буюу 102 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт аж.
Өрхийн амьжиргааны түвшинг гэрийнх нь
тавилгаар тогтоож болохгүй
1-17 дугаар бүлэгт ямар хүмүүс багтаж байгааг Чингэлтэй дүүргийн II хорооны зохион байгуулагч А.Уранчимэгээс тодруулахад “Халамжийн хэлтсийн “ХЕБ халамж” гэсэн сайт бий. Түүгээр хүмүүсийн ямар түвшинд ангилагдсаныг мэдэх боломжтой. 2013 онд хийсэн судалгаанд үндэслэж айл өрхийг 1-20 бүлэгт хуваарилсан. Яг ямар ангиллаар тооцож байгааг нарийн мэдэхгүй ч гэртээ телевизортой, угаалгын машинтай айл өрх 18-20 бүлэгт ангилагдаж байгаа юм билээ. Манайх шиг төвийн хороонд байртай айл их бий. Гэхдээ амьдарч буй байр нь өөрийн эсвэл бусдынх уу гэдгээсээ хамаараад ангилагдаж байгаа. Монголд угаалгын машин, телевизоргүй айл бараг байхгүй шүү дээ. Тийм болохоор энэхүү аргачлалыг маш буруу гэж бодож байна. Иргэд ч их бухимдалтай байгаа. Хэдий ажил хийдэггүй байлаа ч гэрт нь ядаж л будаа агшаагч байгаа шүү дээ. Болж өгвөл энэхүү судалгааг хүн амын тоо, цалингийн хэмжээ, өрхийн орлого, нэг хүнд тооцох мөнгөн дүнгээр тооцох хэрэгтэй. Тэгж байж судалгаа үнэн бодит гарна.
Бидэн дээр группд байдаг нэг хүн орж ирээд “Би групп тогтоолгоод олон жил болж байна. Манай гэрийнхэн зөвхөн миний группийн мөнгөөр амьдардаг байж яагаад ийм өндөр түвшинд гарч ирж байгаа юм бэ? Би 18-аас доош насны гурван хүүхэдтэй. Тэднийхээ мөнгийг авмаар байна. Судалгаагаа ямар асуулгаар явуулсан юм бэ?” гэж асууж байсан. Тэрийг шалгаж үзтэл зурагттай, хөргөгчтэй, угаалгын машинтай, тэгээд жижигхэн ч гэсэн байр нь өөрийнх нь нэр дээр байдаг болохоор автоматаар 20 дугаар түвшинд ангилагдаж байсан.
Харин 1-17 дугаар түвшинд бусдын сууцанд амьдардаг, айлын өрөө хөлсөлдөг, өрх тусгаарлаагүй, нэн ядуу айлууд орж байгаа юм билээ.
Нэг ёсондоо эд хөрөнгөөр нь ангилчихаж байгаа хэрэг. Хүмүүсийн амьжиргааны түвшинг тавилгаар нь тогтоож болохгүй шүү дээ. Түүнчлэн байрны 20 жилийн зээлтэй, зээлээ дөнгөж төлж эхэлж байгаа хүн ч “байртай” гэдэг утгаараа 18-20 түвшин рүү орчихож байгаа юм.
Мөн Өрхийн мэдээллийн нэгдсэн санд хамрагдаагүй иргэд шинээр бүртгүүлэх ёстой. Гэхдээ ойрын хугацаанд дахиж айлуудаар явж судалгаа хийнэ гэсэн” гэлээ.