Замын хөдөлгөөний аюулгүй байдлын шинэ хууль 2015 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.Тус хуулийг дагаад нийт 30 гаруй журам батлагдсаны нэг нь Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам юм.
Тэгвэл энэ журам яг хэзээнээс, хэрхэн хэрэгжих талаар Замын Цагдаагийн Газрын Урьдчилан сэргийлэх, Олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Д.Төрбатаас тодрууллаа.
-Жолоочын зөрчлийн оноо тооцох журам хэрэгжиж эхэлсэн үү?
-Одоогоор уг журмыг мөрдөж эхлээгүй байна. Энэ сарын 1-нээс зөрчлийн бүртгэлийн журам хэрэгжинэ гэсэн ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарах болсон. Зөрчлийн оноо тооцох журмыг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлуудыг хийж байгаа. Тодруулбал, цахим системд шилжих, програм зохиох гээд олон ажлууд байгаа учраас удаашраад байгаа гэж ойлгож болно. Журам батлагдсанаас хойш холбогдох байгууллагууд эдгээр ажлуудыг хийгээд явж байгаа. Шаардлагатай систем, техник хэрэгсэл бэлэн болоогүй байгаа учраас яг хэзээнээс уг журам албан ёсоор хэрэгжиж эхлэх талаар баттай хэлж мэдэхгүй байна. Тус журмыг мөрдсөний дараа биелүүлнэ гэсэн сэтгэхүйгээр хандах хэрэггүй. Журмын үндсэн зорилго нь олон зөрчил гарган торгууль төлж байгаа жолоочийн тоог бууруулах явдал юм.
-Зөрчлийн оноог хэрхэн хасах талаар тайлбарлахгүй юу?
Жолооч бүр 10 оноотой. Бүх зөрчлөөс оноо хасахгүй 17 төрлийн зөрчлөөс оноо хасахаар журамд тусгасан. Жолоочийн гаргасан зөрчил зам тээврийн ослоор төгсдөг онц ноцтой гэж нэрлэгдэж болохоор 17 зөрчлөөс л оноо хасна. Жишээ нь: Хамгаалалтын бүс бүслээгүй тохиолдолд оноо хасч, торгуулийн арга хэмжээг давхар авна. Жолоочийн буруутай үйлдлээс болж зам тээврийн осолд орвол таван оноо хасах гэх мэтээр хэрэгжинэ. Урьд нь анхааруулах зорилгоор жолоочийн талон цоолдог байсан ч нэмж торгодоггүй байсан. Харин энэ журмыг мөрдөж эхэлсэнээр гаргасан зөрчилд давхар шийтгэл оногдуулна. Торгууль ч төлнө, оноогоо ч хасуулна.
-Жолооч нар 10 онооноосоо хэдийг хасуулбал замын хөдөлгөөнд оролцох эрхгүй болох вэ?
Оноо хасахаас гадна урамшууллын систем бий. Жишээлбэл, тухайн жолооч есөн оноогоо хасуулж нэг оноотой үлдлээ гэж бодъё. Нэг оноотой жолооч замын хөдөлгөөнд оролцож болно. Учир нь түүнд нэг ч гэсэн оноо байна. Ямар нэг зөрчил гаргахгүйгээр хоёр жил замын хөдөлгөөнд оролцвол эргээд 10 оноог нь өгөх юм. Ингэснээр тухайн жолооч хоёр жилийн турш замын хөдөлгөөний дүрэм зөрчихгүй байснаар өөрийн болон өрөөлийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж байна гэсэн үг. Харин бүх оноогоо хасуулсанаар жолоо барих эрх шууд цуцлагдана. Тодорхой хэмжээний сургалтад хамрагдан улмаар шалгалт өгч жолооны эрхээ сэргээлгэнэ.
-Зөрчлийн оноогоо хасагдаж байгаа эсэхийг хянадаг вэб сайттай болно гэж байсан. Энэ талаар тодруулахгүй юу?
- Тийм ээ. Бэлэн бус торгуулийн системд шилжсэнээс хойш torguuli.mn вэб сайт руу ороод автомашиныхаа дугаар серийг бичээд хэдэн удаа дүрэм зөрчсөн, хэдэн төгрөгийн торгуультай байгаагаа хардаг шиг тийм вэб сайттай болно. Цахим систем бүрэн хэрэгжиж эхлэхээр бид албан ёсны мэдээлэл цацах болно.