Баянхонгор аймгийн Шаргалжуут тосгоны малчин Д.Дамирангийн гэрт гал гарч, унтаж байсан зургаан настай охин 60 хувь түлэгдсэн харамсалтай явдал энэ сарын 2-ны өглөө болжээ. Охины аав гэрийнхээ ойролцоо мал хуйгаа хотлуулж байсан тул дүрэлзэн ассан галаас охиноо аварчээ. Тэрбээр тулгуур эрхтэний бэрхшээлтэй хэдий ч түлэгдсэн охиноо дагуулан гурван км газар явж, нэгэн айлд очиж тусламж хүссэн аж. Түлэгдсэн, дээр нь хүйтэнд хайрагдсан тэдний биеийн байдал хүнд байгаа бөгөөд одоогоор ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Энэ талаар Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын орлогч, хошууч Б.Мягмарсүрэнгээс тодруулахад “Энэ сарын 2-ны 10.00 цагийн үед Д.Дамирангийн гэрт гал гарсан юм билээ. Тэднийх аймгийн төвөөс 80 гаруй, Шаргалжуутаас 25 км орчим зайтай өвөлжиж байсан учраас онцгой байдал, түргэн тусламж яаралтай хүрэх боломжгүй. Тэд тэр өдрийнхөө 16.00 цагийн үед Онцгой байдлын газарт мэдэгдсэн. Зуух дэлбэрсний улмаас гал гарсан гэсэн урьдчилсан дүгнэлт гараад байна. Аав нь охиноо аврах гэж гал руу ороод нүүр, гараа түлсэн. Аймгийн Эрүүл мэндийн газрын эмч нар охиныг “60 хувийн түлэгдэлтэй” гэсэн. Цагдаагийн байгууллагынхан галын шалтгааныг эцэслэн тогтоохоор ажиллаж байгаа” гэлээ. Галаас охиноо аварсан Д.Дамиран гуайн хамаатантай холбогдон тэдний биеийн байдлыг асуухад “Аавынх нь бие гайгүй. Харин охин хүнд байна. Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа. Одоо боолтыг нь солиулах гээд завгүй явна. Дараа холбогдъё” гэлээ.
Амь тэмцэн буй зургаан настай охин, галаас охиноо аварсан аавд халуун сэтгэлээр туслахыг хүсвэл Д.Дамиран гуайн Төрийн банкин дахь 232100278756 тоот дансанд хандаарай.
Ч.Туяа