Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарсаар байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-ны байдлаар Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорнод, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Увс зэрэг 16 аймгийн 50 сум цагаан зудтай, 20 аймгийн 120 суманд өвөлжилт хүндрэхэд ойрхон байгааг ОБЕГ-аас мэдээлсэн. Улаанбаатар хотод ч ялгаагүй өдөр бүр цас хялмаалж, халтиргаа гулгаанаас болж зам тээврийн осол ихсэн, унаж бэртэн ГССҮТ-д хандагсад ч олширчээ. Уг нь цас их, бага хэмжээгээр орсны дараа нийслэлээс хотын зам, гүүрэнд давс, элс, бодис цацдаг. Харамсалтай нь энэ бодисын нөөц хомсдоод байгаа аж. Энэ талаар нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ийн дарга Д.Энхсайханаас тодрууллаа.
-Одоо нэг удаа л цас орвол давс, бодисгүй болно гэж сонслоо. Үнэн үү?
-Тийм ээ. Одоогоор 100 гаруй тонн бодис үлдээд байна. Нэмж 300 тонныг авахаар хотын удирдлагуудтай ярьсан. Цас хэр хэмжээгээр орохоос шалтгаалаад өдөрт дунджаар 50-60 тонн элс, давс цацдаг. Ойрын өдрүүдэд өдөр бүр цас хялмаалж байна. Тиймээс дор хаяж 10-20 тонныг байнга ашиглаж байгаа.
-Оны өмнөхөн нийслэлийн ЗДТГ шаардлагатай элс, бодисын мөнгө болох 100 сая төгрөгийг шийдэж өгнө гэж байсан. Хэчнээн төгрөг хэрэгтэй байна вэ?
-Тэр мөнгийг шийдэж өгөөгүй. Ойрд хүйтэрч, цас их орох төлөвтэй байна. 300 тонн бодис авахад 200-300 сая төгрөг хэрэгтэй. Хүсэлтээ тавиад хүлээж байна. ОХУ-аас бодисоо импортолдог.