Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн (НЭМХ) өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлж, өдөр бүр сүү, тараг, аарц ууж байхаар болжээ. Хүрээлэнгийн нийт 90 гаруй эрдэмтэн, мэргэжилтэн бүтэн жилийн турш, өдөр бүр ийн цагаан идээ хэрэглэх нь. НЭМХ-ийн Хоол судлалын төвийн дарга Ж.Батжаргал “Сүү бол хамгийн төгс уураг. Ямар ч хүнсний бүтээгдэхүүнд байдаггүй шимт тэжээл агуулж байдаг. Монголчууд өвөл хүнсэндээ мах их хэмжээгээр хэрэглэдэг шүү дээ. Үүний дараа гэдэс цэвэрлэх хамгийн үнэ цэнэтэй, бас хямд бүтээгдэхүүн нь сүү, цагаа идээ юм. Тиймээс бид өдөр бүр хүнсэндээ энэ төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэж, жилийн дараа үр дүнг нь зарлах болно” гэж ярив.
Сүү, цагаан идээ нь монголчуудын уламжлалт хүнс ч гэлээ хотын бид тэр бүр хэрэглэж хэвшээгүй. Хүний бие махбодид чухал хэрэгцээтэй уураг, тос, эрдэс, аминдэм, бичил бодисыг зохих хэмжээнд агуулдаг, хурдан боловсорч шингэдэг үнэт хүнс юм. Шүд, ясыг бэхжүүлж, яс сийрэгжихээс хамгаалахын зэрэгцээ олон төрлийн эмгэгээс сэргийлдэг тул цагаан идээ тогтмол хэрэглэхийг НЭМХ иргэдэд уриалав.