Хүүхдийн мөнгө бол нийгмийн халамж биш. Энэ бол төрөлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого юм. Тиймдээ ч энэ сараас эхлэн хүүхдүүдэд 18 хүртэл нь сар бүр олгож буй 20.000 төгрөгийг нийгмийн түвшингээс хамааруулж, ялгавартайгаар олгох болсон нь иргэдийн бухимдлыг төрүүлж буй.
2013 оны арваннэгдүгээр сард айл өрхүүдээс авсан судалгааг үндэслэж, айл өрхийн нийгмийн байдлыг 1-20 түвшинд хувааж, 1-17 дугаар түвшингийн айл өрхийн хүүхдүүдэд Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгохоор болсон билээ.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны мэргэжилтнүүд уг түвшинг тогтоохдоо нас, мэргэжил, орлого, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө зэрэг маш олон хүчин зүйлийг харгалзаж, программ тооцон гаргаж байгаа хэмээн мэдээлж байгаа боловч Чингэлтэй дүүргийн II хорооны зохион байгуулагч А.Уранчимэгийн мэдээлснээр уг өрхийн нийгмийн түвшнийг тогтоохдоо ихэвчлэн гэртээ зурагт, угаалгын машинтай 18 болон түүнээс дээш хамрагдаж байгаа тул түвшин тогтоох аргачлал маш буруу болж байна хэмээн мэдээлсэн юм.
Өөрийн харьяа хорооноос хэддүгээр нийгмийн түвшинд ангилагдсан талаар мэдээлэл авсан ээжүүд үр дүнд нь сэтгэл дундуур байгаагаа цахим сүлжээнд илэрхийлж, иргэдийн дунд багагүй бухимдал үүсээд буй.
Энэ дагуу Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж фэйсбүүк хуудсандаа мэдэгдэл гаргажээ. Тэрбээр мэдэгдэлдээ "Иргэдийн хүсэлтийн дагуу Хүүхдийн тэтгэмжийн мөнгөний асуудлаар УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай ярилцаж, өмнөх жишгээр хүүхдүүдэд мөнгийг олгох нь зүйтэй гэж санал нэгдлээ. Зохих шийдлийг гаргах чиглэлд ажиллахаар боллоо" гэв.
Тиймээс Монголын мянга мянган бяцхан үрс маань нийгмийн байдлаар ялгаварлагдахгүйгээр төрөөс тэтгэмж хүртэхээр боллоо.