Харанхуй орцноос сэтгэл санааны гүн цочролд орсон байдалтай олдсон охины биеийн байдал муу байгаа талаарх мэдээлэл хэдхэн хоногийн өмнө цахим сүлжээнд тархсан. "Ивээлтэй сэтгэл" ээжүүдийн группийнхэн охиныг харж хандаж байсан бөгөөд охины биеийн байдал муудаж, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж эмчлүүлж байгаа талаар тус группийн ээжүүд мэдээлсэн билээ.
Тэгвэл охиноо орцонд хаясан ээж олдсон талаар Цагдаагийн ерөнхий газар мэдээллээ. Арванхоёрдугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны орцонд хүүхдээ орхисон байна гэх мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж, эрхэлсэн тодорхой ажилгүй 22 настай Д гэгч өөрийн ой 7 сартай охиноо орхиж явсныг илрүүлжээ.