Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар (НХҮЕГ)-ын даргаар ажиллаж байсан Д.Баярсайхан, тус газрын Санхүү, бүртгэл, төлөвлөлтийн газрын дарга асан Ч.Эрдэнэбулган нарын 10 хүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусчээ.
Эрүүгийн хуулийн 148.4-т заасан онц их хэмжээний эд хөрөнгө залилан мэхэлж авсан гэх үндэслэлээр тэдэнд яллах дүгнэлт үйлдүүлэхээр ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс манайд шилжүүлсэн хэмээн Нийслэлийн прокурорын газрын эх сурвалж мэдээллээ.
Уг хэргийг шалгахын тулд ЦЕГ-ын даргын тушаалаар төв орон нутгийн газар, хэлтсийн 30 гаруй албан хаагчийн бүрэлдэхүүнтэй тусгай ажлын хэсэг томилогдсон бөгөөд өнгөрсөн арваннэг, арванхоёрдугаар сард Д.Баярсайхан нарт хавтаст хэргийг нь танилцуулж дууссан байна.
Мөрдөн байцаалтын явцад дээрх хүмүүс Нийгмийн халамжийн сангийн хөрөнгөөс хуурамч баримт бүрдүүлэн садан төрлийнхөө нэр дээрх төрийн бус байгууллагуудад шилжүүлэн завшиж, 1.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь батлагдсан бөгөөд шүүх эцсийн байдлаар гэм буруутай эсэх, хэчнээн хэмжээний хохирол учруулсныг тогтоох юм.
Г.РАВЖАА