“Тэнүүн огоо”, “Тулга огоо” компанийн захирал А.Ганхуяг, “Тэнүүн дэлгэр” компанийн захирал С.Энхболд, нийслэлийн Тээврийн газрын ахлах мэргэжилтэнд холбогдох хэргийг шалгаж дуусаад өдгөө яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлжээ.
Хэрэгт сэжиглэгдсэн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын албан тушаалтнууд бусдын онц их хэмжээний хөрөнгийг залилан мэхэлж, 3.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон талаар Нийслэлийн прокурорын газрын эх сурвалж мэдээлэв.
Өнгөрсөн оны тавдугаар сард ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс дээрх хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ.
Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудад “МТ-150” маркийн байршил тогтоогч GPS төхөөрөмж суурилуулан эргэлтийг нь хянадаг байсан бөгөөд замын хажууд тавьсан хянагч аппаратаар дамжин нийслэлийн Тээврийн газарт байх төв серверт нь аль компанийн хэд гэсэн дугаартай автобус хаана явж байгаа талаар мэдээллээ дамжуулдаг байсан.
Гэтэл дээрх гурван аж ахуйн нэгжийнхэн явдаггүй автобуснаасаа уг төхөөрөмжийг нь салгаж аваад хувийнхаа суудлын автомашинд ачиж, үйлчилгээнд явж буй автобус шиг бүртгүүлж, нөхөн олговор авч байсан.
Нэг автобус 60-70 цагийн эргэлт хийх ёстой байхад Тээврийн газрын ахлах мэргэжилтэн 100 цагийн ажлын гүйцэтгэл бичиж, санхүүгийн албандаа өгч байсан хэрэгт тэднийг буруутгаж буй юм.