Сaудын араб, Иран улс хоорондын зөрчлийн асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар байна. Шийт урсгалын номлогч шейх Нимр Аль-Нимрийг Саудын арабт цаазалсны дараа Тегеранд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж элчин сайдын яамруу халдсан. Эл явдлын дараа Саудын арабын гадаад хэргийн сайд Иран улстай дипломат харилцаагаа таслах болсноо мэдэгдээд газрын болон агаарын бүх худалдаа арилжааг зогсоосон билээ.
Тэгвэл өчигдрөөс эхлээд Бахрайн, Судан улсууд Иран улстай улс төрийн харилцаагаа таслан Кувейт улс элчин сайдаа эргүүлэн татахаа мэдэгдлээ. Эдгээр улсууд нь бүгд Исламын шашны суннит урсгалыг голлон шүтдэг юм.
Ойрх дорнодын энэхүү асуудал газрын тосны үнэд нөлөөлсөөр байгаа бөгөөд АНУ, НҮБ, Туркийн талууд зөрчилдөөнийг шийдвэрлэх уриалга гаргасан хэдий ч байдал улам хурцадсаар байна.