Өвлийн улиралд хөлөө дааруулахгүй байх нь бидний эрүүл мэндэд нэн тустай байдаг аж.
Хөл даарснаар цусны эргэлт удааширч, ханиад томуу тусах, хоолой өвдөх цаашлаад олон өвчний эх үүсвэр болдог хэмээн хөгшид маань сургадаг шүү дээ. Тэгвэл гар доорх материал ашиглан хөлөө хэрхэн дулаан байлгах аргаас суралцаарай.
Хэрэг болох зүйлс: Өвлийн гутал, хайч, маркер буюу тэмдэглэгээ хийх үзэг, дулаан ойлгогч материал хэрэг болно.
Тугалган цаастай дулаан ойлгогч материал нь дурын аль ч барилгын материалын дэлгүүрт худалдаалагддаг. Гуталныхаа улавчийг гаргаж тугалган цаастай материал дээрээ тавьж маркераар хүрээлж зуран хэмжээ авна. Зурсан хэвээр нь хайчлан дулаан ойлгогч улавч бэлэн болно.
Үүнийгээ гутлан дотроо хамгийн доод хэсэгт нь байрлуулан дээрээс нь гуталныхаа улавчийг тавина. Ингээд л хөл даарахаас айхгүй боллоо. Амархан байгаа биз.