Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар сумынхаа малын эмч бүсгүйг зэрлэгээр хүчирхийлсэн хэрэг өнгөрсөн оны есдүгээр сард гарсан. Түүнд Эрүүгийн хуулийн 96.2, 126.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тэгвэл үүнтэй төстэй хэрэг өнгөрсөн сард гарчээ.
Хохирогч эмэгтэй Ц 2015 оны арванхоёрдугаар сарын 8-9-нд шилжих шөнө нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах нэгэн уушийн газарт дөрвөн залуутай танилцжээ.
Тэдэнтэй хамт тус дүүргийн Ү хороонд байрлах найзынх нь гэрт очиход өөр нэг найз нь хүлээгээд сууж байсан аж. Ц тэдэнтэй хамт мэдрэлээ алдтал архи уужээ. Түүний хэт их согтсон байдлыг нь өнөөх таван залуу далимдуулан зэрлэгээр хүчирхийлэн, гадны биет шулуун гэдэс рүү нь хийж даажигнасан байна.
Үүнээс болж Ц-ийн биед хүнд гэмтэл учирчихаад байхад залуус түүнийг тэр шөнөдөө авто замын хажууд орхиод явжээ. Хохирогч эмэгтэй хэсэг хугацааны дараа ухаан орж, такси барьжээ. Таксины жолоочийн мэдүүлснээр Ц түүнд “Ах аа, миний бие муу байна. Гэхдээ би гэртээ харихаас айгаад байна.
Намайг найзынд маань хүргээд өгөөч” гэж гуйсан тул жолооч түүний хэлсэн ёсоор заасан газарт нь хүргэж өгчээ. Ц найзындаа очоод бие нь улам муудсан тул найз нь түүнийг таксигаар гэрт нь хүргэж өгсөн гэнэ.
Ингээд бүсгүй ямар ч эмчилгээ хийлгэлгүй гэртээ хэд хоноод бие нь улам муудсан тул өнгөрсөн сарын 15-нд түргэн тусламжийн машинаар ГССҮТ-д хүргэгдсэн байна. Тэрбээр тус эмнэлгийн Хавсарсан гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байхдаа хоёр удаа хагалгаанд оржээ.
Шулуун гэдэс болон хэвлийн мэс засал хийлгэсэн ч арванхоёрдугаар сарын 27-нд шархаа даалгүй нас барсан байна.
Хохирогч Ц 30 настай, бага насны охинтой байжээ. Тэрбээр уг нь хэрэг гардаг өдөр хамтран амьдрагч Н-тэйгээ архи ууж байгаад “Охин чинь чамайг санаад байна гэсэн. Хоёулаа манайд очъё” гэж ярьсан байж. Гэвч ганцаараа гарч яваад ийнхүү гэмт хэргийн золиос болжээ.
Энэ хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэс, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилсны дүнд хохирогчийн нас барсан өдөр тус дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрээс сэжигтнүүдийг саатуулан баривчилжээ.
Сэжигтнүүд хүн алсан гэдгээ ч мэдээгүй явж байсан бололтой, ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүй баригдсан байна.
Тэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, 1991 онд төрсөн Г, 1994 онд төрсөн С, Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяат, 1993 оны Л, нийслэлийн Баянзүрх дүүргийн XIII хороонд оршин суух 1991 оны Б, мөн тус хороонд оршин суух 1991 оны Б нар талийгаач Ц-ийн биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь эд мөрийн баримт, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож буй аж.
Сэжигтнүүд ч өөрсдийн үйлдсэн хэргээ хүлээн, мэдүүлгээ өгч байгаа гэнэ. Тэднийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, Эрүүгийн хуулийн 126.2.2, 126.2.6-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.