Жалханз хутагт Дамдинбазарын гудамж буюу олны мэддэгээр Модны-2-ын гудамжаар явж байхад есөн давхар хоёр цэнхэр байрны хажууд явган хүний зам дээр арзайсан төмөр гаргаж орхисон нь нэлээд удлаа. Түүнийг уншигч та зураг дээрээс харж байна.
Тэр хоёр цэнхэр байрыг “Хос багана” СӨХ хариуцдаг юм байна. Тэднийхнээс учрыг магадалбал, Баянгол дүүргийн 17 хорооны 67 дугаар байрны хоёрдугаар давхрын есөн тоотод амьдардаг иргэн Ш.Сонинхүү тагтаа өргөтгөж, төмөр карказ зангидуулсан байсныг нэг л өдөр хаанахын, хэн нь тодорхойгүй хэдэн хүн ирээд нураачихаж.
Түүгээр зогсохгүй тэр өргөтгөлийг нь хийж байсан хүний гар утсыг нь хулгайлаад явчихсан үйл явдал өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 10-нд өрнөжээ.
Зэргэлдээх байрны хүн “16-90 УНВ улсын дугаартай жийп машинтай хүмүүс ирээд нураасан. Хүн гарч ирэхгүй болохоор нь машины зураг, нэг хүнийх нь зургийг утсаараа авчихлаа” хэмээн үйл явдал өрнөснөөс хойш 2-3 цагийн дараа ирж байрны эзэн Ш.Сонинхүүд хэлсэн байгаа юм.
Иргэн Ш.Сонинхүү гэх эмэгтэйтэй уулзахад “Манайх СӨХ-ны дарга С.Каривай болон СӨХ-ны бусад гишүүнтэй зөвшилцөн 67 дугаар байрны хойшоо харсан байрлалтай тагтанд төмөр карказ зангидуулан өргөтгөх саналаа илэрхийлсэн юм. СӨХ-ныхон ч зөвшөөрсөн.
Ингээд 2015 оны аравдугаар сарын 23-наас өргөтгөлийн ажлаа эхэлсэн юм. Холбогдох байгууллагаар нь зураг төсөл гаргуулж, багагүй зардал гарган хийлгүүлээд яг дуусаж байтал ямар ч захирамж шийдвэр үзүүлэлгүй, хэн гэдэг нь мэдэгдэхгүй хэсэг хүмүүс ирээд нураалаа.
Бид уг өргөтгөлөө барихдаа аваарын шат болон хог ачих хаалгыг таглалгүйгээр, харин ч тохижуулж байтал ийм явдал болсон. Маргааш нь Баянгол дүүрэг рүү очиж учир байдлыг тодруулахад Газрын албаныхан нь Засаг даргын захирамж гарсан гэх атлаа тухайн ажлыг хийлгэж буй надад ч танилцуулалгүй нураасан.
Би өмгөөлөгч авч, эрхийг минь хамгаалж буй А.Ганбат өмгөөлөгч захирамжид нь гомдол гаргах эрхийнхээ дагуу холбогдох байгууллагад нь хандахаар болж, “нураах үйл ажиллагааг хойшлуулж өгнө үү” гэж хүссэн ч үл ойшоон өргөтгөлийг нураагаад явснаас хойш хоёр сар орчим болж байгаа нь энэ” гэж ярилаа.
“Хос багана” СӨХ-ны Удирдах зөвлөлийн дарга Г.Цогжавхлантай утсаар холбогдоход “Манай төр засаг иргэдийнхээ өмчинд халдаж эвдэж сүйтгэлээ.
Энэ нь магадгүй манай 66, 67 дугаар байранд амьдардаг хэдхэн хүний атаа хорслоос үүдэлтэй байх. 67 дугаар байрны есөн тоотод амьдардаг иргэн Ш.Сонинхүү СӨХ-ны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийнхөнтэй зөвшилцөөд орц, гарц, аюулгүйн хаалгыг таглалгүйгээр, харин ч орчныг нь тохижуулж байтал хэдэн хүн ирээд хийсэн ажлыг нь нураасан.
Засаг даргын захирамж гарсан л юм гэнэ лээ. Гэтэл яг дэргэд нь байгаа ломбард, хүнсний дэлгүүр нь орон сууцны нэгдүгээр давхрыг өргөтгөөд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Иргэдээ ингэж алаг үзэж, дэлгүүр, ломбардыг нь нураахгүй байгаа нь хачирхалтай” гэв.
Орон сууцны нэгдүгээр давхрыг өргөтгөж, дэлгүүр, ломбард, уушийн газар байгуулж, барилгад эрсдэл үүсгэж буй учраас холбогдох хууль журам, тогтоол шийдвэрийн дагуу нэгдүгээр давхрыг өргөтгөхийг хориглосон.
Энэ хууль дүрэм, тогтоол шийдвэрийг хэрэгжүүлж байгаа бол 67 дугаар байрны нэгдүгээр давхрыг өргөтгөн дэлгүүр, ломбард ажиллуулж байгааг нь ч бас нураах л ёстой баймаар.
Бид өчигдөр 67 дугаар байранд очиж үзэхэд иргэн Ш.Сонинхүүгийнх төрөөс хориглосон шиг нэгдүгээр давхрыг өргөтгөөгүй харагдаж байлаа. Харин нэгдүгээр давхар дахь аваарын шатыг ашиглан уг шатан дээр төмөр рам босгож байгаад түүн дээрээ хоёрдугаар давхар дахь өөрийн байрныхаа тагтыг өргөтгөжээ.
Иргэн Ш.Сонинхүү “Манайх даацын хана нураагаагүй, явган хүний замаас хумслаагүй, нийтийн эзэмшлийн талбай руу оруулаагүй, аваарын гарц хаагаагүй, байрны сантехник эвдээгүй, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахгүй.
Төрөөс хориглосон бүгдийг зөрчөөгүй байхад яагаад зөвхөн манайхыг нурааж байгааг ойлгохгүй байна. Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо газар чөлөөлөх захирамж гаргасан.
Манайх өргөтгөлөө барихдаа уг нь газар ашиглаагүй, шатан дээр рам босгож барьсан юм шүү дээ. Хэрэв надад захирамжаа танилцуулаад, хугацаатай мэдэгдэл өгчихсөн бол би өмчөө эвдүүлэхгүй өөрөө ч буулгаад авчих байсан” гэж байв.
Баянгол дүүргийн Засаг дарга уг өргөтгөлийг буулгах шийдвэр гаргахдаа эрх зүйн чадамжгүй тушаал гаргасан гэхэд хилсдэхгүй.
Яагаад гэхээр Засаг дарга захирамж гаргахдаа үндэслэл болгосон НМХГ-ын улсын ахлах байцаагч Т.Энхтүвшингийн дүгнэлтэд Баянгол дүүргийн Засаг дарга Ж.Бор болон бусад хүмүүсийг байлцуулан 67 дугаар байрны хоёрдугаар давхрын өргөтгөлийн явц байдлыг 2015 оны аравдугаар сарын 27-нд шалгалаа гэж бичжээ.
Өнөөдөр Баянгол дүүргийн Засаг дарга нь Д.Оросоо гэдэг хуульч гэдгийг нийслэлчүүд мэднэ дээ. Ж.Бор гэдэг нь Баянгол дүүргийн 17 дугаар хорооны Засаг дарга юм байна. Өөрөөр хэлбэл, Д.Оросоо дарга өөрийнх нь албан тушаалыг илт гуйвуулсан захирамжийг үндэслэсэн байгаа юм.
Хуульч хүн байтлаа иймхэн алдааг олж харалгүй, өөрийгөө бараг доромжлуулсан НМХГ-ын байцаагчийн дүгнэлтийг буцааж засуулсныхаа дараа захирамжид гарын үсэг зурсан бол түүний нэрэнд цэвэр байх байжээ.
Түүнээс гадна НМХГ-ын улсын ахлах байцаагч Т.Энхтүвшингийн дүгнэлтэд “Гүйцэтгэгч байгууллагууд тодорхой бус” гэсэн байна. Орон сууцны хоёрдугаар давхрын есөн тоотыг эзэмшигч Ш.Сонинхүүгийнх гэдэг нь тодорхой байсаар атал ийн дүгнэсэн нь хачирхалтай. Уг өргөтгөлийн төмөр карказ өөрөө бий болоогүй нь ойлгомжтой шүү дээ.
Мөн “Болзошгүй аваар ослын үед аврах гарц, шат хязгаарлагдсан гэжээ. Гэтэл 1987 оноос хаалттай, тоосгоор хааж шавардсан байсан аваарын гарцыг нээж бүр төмөр хаалга гаргасан байтал ийнхүү илт хууль зөрчсөн дүгнэлт НМХГ-ынхан гаргасан нь хүний хувийн өмчид халдах үндэслэл болсон байна.
Харин “Хос багана” СӨХ-ны Хяналтын зөвлөлийн дарга, ардын жүжигчин Ч.Мөнхшүр “Аваарын гарц хаасан гэдэг нь худлаа. Харин ч онгойдоггүй хаалгыг нээж өгсөн. Архичид, тэнүүлчид цуглаад архи уугаад байдаг байсан шатан дээр өргөтгөл барьснаар орчин цэвэрхэн болсон.
Оршин суугчид ч маш дуртай байсан. Иргэн Ш.Сонинхүүгийн барьсан өргөтгөл нийтийн эзэмшлээс хумслаагүй, гарц, орц хаагаагүй байхад учир зүггүй ирээд нураачихсан. Нэг хүүхэн гомдол гаргалаа л гэсэн. Гомдол гаргавал нураадаг, гаргахгүй бол нураадаггүй тогтолцоотой юм уу, ойлгохгүй байна” гэж байгаа юм.
Хэрэв шүүх хууль бус, эрх зүйн чадамжгүй захирамж, дүгнэлт гэж тогтоовол Т.Энхтүвшин, Д.Оросоо нарын хэн нь иргэнд учирсан хохирлыг төлөх вэ.
Баянгол дүүргийн Засаг даргын Албадан буулгаж газар чөлөөлөх тухай захирамж нь эрх зүйн чадамжгүйг батлах бас нэг баримт нь хоёр дахь заалт нь байгаа. Түүнд “Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч Г.Энхболд, Өмч, газрын харилцааны алба С.Бямбадорж нарт даалгасугай” гэжээ.
Буулгах ажлыг хэн, хэзээ, хугацаанд гүйцэтгэх талаар захирамжинд огт заагаагүй, хэрэгжилтэд л хяналт тавихыг заасан байгаа юм.
Мөн Газрын тухай хуульд Албадан буулгах гэсэн нэр томъёо байхгүй, Газар чөлөөлөх гэсэн ойлголт байгаа нь эрх зүйн чадамж муутай баримт бичиг гарсныг батална гэдгийг нэлээд хэдэн хуульч хэлж байна.
Харин Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо “Бид хүмүүсийн өмчийг дур мэдэн нураагаад байхгүй. Гомдолтой байгаа бол Мэргэжлийн хяналтын байгууллагатай л маргах ёстой.
Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн захирамж гаргасан. Тухайн иргэн гомдолтой байвал хуулийн байгууллагад хандах эрх нь нээлттэй” гэж тайлбарлаж байгаа юм.