Үндсэн хуулийн цэц өнгөрсөн арванхоёрдугаар сард Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт, Иргэний хуулийн 171.2 дахь заалт Үндсэн хуулийн 16.3 дахь “... үл хөдлөх хөрөнгө... өмчлөх эрхтэй” гэсэн заалтыг зөрчсөн гэх дүгнэлт гаргасан.
Үүний дараа “Шинэ хөдөлгөөн” гэх газраас нийслэлийн гудамж, талбайд сонордуулга нааж, Цэцийн шийдвэрийг эсэргүүцэж байв. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан Үндсэн хуулийн цэц Тагнуулын ерөнхий газарт ханджээ. Мөн мэдэгдэл гаргасан байна.
Мэдэгдэлд “2015 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр нийслэлийн Баянгол дүүрэг, Сүхбаатар дүүргийн зарим газарт “Иргэдийн сонордуулга” нэртэй ухуулах хуудсыг “Шинэ хөдөлгөөн” гэгчээс тараасан бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газраас лавлагаа авахад “Шинэ хөдөлгөөн” гэгчийн талаар мэдээлэл байхгүй байна.
Иймд Үндсэн хуулийн цэцийн Тамгын газраас дээрх үйлдэл нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд сөргөөр нөлөөлөх, үндэсний эв нэгдлийг алдагдуулан, нийгэмд тогтворгүй байдлыг дэвэргэж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт турхирч, улмаар Үндсэн хуульт байгуулалд заналхийлсэн ноцтой үйлдэл гэж үзэж, зохих арга хэмжээ авахуулахаар холбогдох байгууллагад хандаад байна” гэжээ.
Энэ талаар Цэцээс тайлбар авахаар хандахад “Уг хөдөлгөөн үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, тогтворгүй байдлыг дэвэргэсэн ноцтой үйлдэл гаргасан. Мөн Үндсэн хуулийн цэцийн халдашгүй дархан байдалд халдсан. Тиймээс тэр сонордуулгыг хэн наасан болохыг тогтоолгохоор хандсан. Энэ асуудлаар ямар нэгэн тайлбар өгөхгүй” гэв.
Г.ЦЭЦЭГ