Ой таван сартай охиноо орцонд хаясан хэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-нд гарсан. Охиныг олсон хүмүүс Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргэж, шаардлагатай эмчилгээ хийлгэн, асарч байсан билээ.
Эмч нарын хэлж буйгаар охин амьд үлдэх боломж бараг үлдээгүй гэнэ. Иймээс түүнийг асарч байсан хүмүүсийн хүсэлтээр охиныг өчигдөр ээжтэй нь уулзууллаа. Охины ээж 22 настай Д-г өнгөрсөн мягмар гаригт баривчилсан.
Тэрбээр эрхэлсэн ажилгүй, өрх толгойлсон эмэгтэй аж. Охиноо хатгаа туссан байхад нь эмчилгээ хийлгэлгүй явсаар эцэст нь орцонд хаясан байна. Хатгаатай байсан хүүхдийг хүйтэн орцонд удаан байлгаснаас болж биеийн байдал нь улам дорджээ.
Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байна.
А.СҮЛД