Үндсэн хуулийн дүгнэлттэй холбогдуулан арилжааны банкууд ипотекийн зээлээ зогсоож, үүнийг шийдвэрлэхүйц эрх зүйн орчин бүрдүүлэх үүрэг УИХ-д ногдоод буй.
Тэгвэл өчигдөр УИХ-ын дарга З.Энхболд ипотекийн зээлийн асуудлаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Монголын ипотекийн корпорац (МИК)- ийн захирал Д.Гантөгс, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат нарыг байлцуулан, албан өрөөндөө сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр 30 хувь байгааг арав болгох талаар нэлээд ярьж, хүлээлт үүсгээд буй ч өчигдрийн уулзалтын үеэр урьдчилгааг 20 хувь болгож, жилийн найман хувийн хүүг тав хүртэл бууруулах боломжтой гэж ярив.
Инфляц 14 хувь байхад энэ төрлийн зээлийн жилийн хүү найман хувь байсан тул өнөөгийн нөхцөлд инфляц уруудсантай уялдуулан тав хүртэл бууруулах боломжтойг Монголбанкны ерөнхийлөгч мэдэгдсэн юм.
Ингэснээр арилжааны банк иргэдээс хэт өндөр орлого шаардахгүй төдийгүй одоогийнхоос хавьгүй олон өрхийг тус зээлд хамруулах боломж бүрдэнэ гэв. Холбогдох хуулийг Цагаас сарын өмнө батлахаа УИХ-ын дарга ч мэдэгдэв.
Ингэхдээ Иргэний хуулиас барьцаа хөрөнгийг гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлдэг зохицуулалтыг хасах замаар өөрчилж, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр талууд санал нэгдсэн байна.
Мөн Засгийн газар өнгөрсөн гурван жилийн хугацаанд ипотекийн зээлээс хуримтлуулсан мөнгийг тэтгэврийн сан болгох асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж буй аж. Ингэснээр ямар нэг сөрөг үр дагавар гарахгүй бөгөөд цаашид тогтвортой ажиллах тогтолцоо бүрдэнэ гэсэн юм.
МИК-ийн захирлын хэлснээр орон сууц худалдаж авах төлөвлөгөөтэй 170 мянга орчим өрхийн 64 мянга нь орон сууцны найман хувийн хүүтэй зээл авахаар төлөвлөн, урьдчилгаа төлбөрөө хуримтлуулж буй юм байна.
Мөн зээлийн эргэн төлөлтийн байдлыг танилцуулахдаа чанаргүй зээлийн эзлэх хувь 0.01 буюу зээл авсан нийт 47500 орчим өрхийн 40 нь эргэн төлөх хугацаа хэтрүүлснийг дурдав.
Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд “Ипотекийн зээлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх үйл явц тун түвэгтэй байсан. Гавьяат хуульч Б.Чимид агсан хувь хүний өмч болох хүртлээ банкинд хадгалагддаг эд хөрөнгийг “барьцаалбар” хэмээн томъёолж, хуульд тусгасан. 2009 онд намайг ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхад маш олон хүн эсэргүүцэж байв.
Гэхдээ шинэ ойлголт суулгах шаардлагатай хэмээн үзэж, 2012 онд хууль баталсан. Гэтэл Үндсэн хуулийн цэц “барьцаалбар” гэх ойлголтыг “орон сууц эзэмших эрхийн бичиг” гэж үзэн, шийдвэр гаргасан.
Үүнээс үүдэн иргэд эзэмшлийн орон сууц, автомашинаа барьцаалах гэхчлэн зээлийн зарим үйлчилгээ зогсчихсон байгаа. Ийм л шалтгаанаар Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 13 дугаар дүгнэлтийг зуун хувь буруу гэж хэлж байгаа юм” гэж байлаа.
Б.УРАН