Олон нийтийн дунд “Х.Баттулга, А.Гансүх нарын” гэх тодотголтой, өдгөө ид дуулиан дагуулж буй авлига, албан тушаалын шинжтэй хэргийг цагдаагийнхан үргэлжлүүлэн шалгаж байна.
Эх сурвалжийн өгүүлснээр, Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлд 267 км төмөр зам тавих хөрөнгөөс нийтдээ 100 гаруй сая ам.доллар завшсан байх магадлалтай хэмээн нэр бүхий албан тушаалтнуудыг сэжиглэн Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг хорьж, хэрэг гарах үеийн Зам, тээврийн сайд, одоо УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байгаа А.Гансүх, ҮХАА-н сайд асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга нараас мэдүүлэг авч эхэлсэн билээ.

“МТЗ” ТӨХК “Самсунг Си Ти”-тэй байгуулсан гэрээнээс харвал барилга байгууламж, дохиолол зэрэг ажлыг тооцолгүй 45 сая ам.доллараар илүү үнийн дүнтэй гэрээ байгуулжээ.
100 мянган ам.долларын дүрмийн сантай, БНСУ-ын жирийн нэг компанийн захирал Ли Жон Гёл Зам, тээврийн сайд А.Гансүх, Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар нарын хамтран гаргасан 91 дүгээр тушаалын дараа “Эрх шилжүүлэх гэрээ” гэгчээр 483 сая ам.долларын тендер авсан.
Үүгээр Монгол Улсын түүхэнд хамгийн анхны, хамгийн өндөр дүнтэй урьдчилсан төлбөр авсныг МБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн тогтоогоод байна. “Самсунг Си Ти” компани оффисоо түрээслэн, туслан гүйцэтгэгч нартай нэг ч гэрээ хийгээгүй байхдаа урьдчилсан төлбөрт 16.77 хувь буюу 73.7 сая ам.долларыг шууд шилжүүлэн авчээ.
Мөн гэрээний баталгаа хэмээн 24.1 сая долларыг дансандаа байршуулж чаджээ. Нийт 97.8 сая ам.долларыг ажлаа огт эхлүүлэлгүй авч байсан тохиолдол Монгол Улсад бүртгэгдэж байгаагүй аж.
Үүнд төрийн дээд түвшний албан тушаалтнууд улс төрийн дэмжлэг, нөлөө үзүүлснийхээ шанд хувь хүртсэн байх магадлалтай гэж хуулийн байгууллагынхан таамаглаж байна.
Бид өмнө нь юунд зарцуулсан нь ойлгомжгүй 54 сая ам.долларын талаар баримт дэлгэж, энэ дүнгийн 13.3 саяыг завшсанаа хүлээсэн “Самсунг Си Ти” компанийн захирал, БНСУ-ын иргэн Ли Жон Гёлын мэдүүлгийг хүргэсэн. Энэ удаа 45 сая ам.долларын баримт нийтэлж байна.
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “МТЗ” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа нь сайд А.Гансүх, Х.Баттулга нараас өгсөн чиглэлийн дагуу хулхи “Самсунг Си Ти” компанитай гэрээ хийх үед өмнө нь “Энержи ресурс” ХХК-иас дэлхийд алдартай “Самсунг”-тай тохиролцож байхдаа анх өгсөн үнийн саналаас 45 сая ам.доллараар илүү үнийн дүн тохирчээ. Үүнийг цагдаагийнхан шалгаж нягталсан байна.
“Энержи ресурс” ХХК Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам барих тендерт орохын тулд БНСУ-ын дэлхийд алдартай “Самсунг” корпорацтай хамтран ажиллахаар тохиролцохдоо төмөр замын бүтээн байгуулалт, дохиолол, өртөө зөрлөг байгуулах гээд ул шорооны болон барилгын бүхий л ажлыг төлөвлөн, төсвөө гаргасан байжээ.
Гэтэл энэ ажлыг 2013 оны тавдугаар сард тендергүйгээр авсан “Самсунг Си Ти” “Монголын төмөр зам” ТӨХК-тай эрх шилжүүлэх гэрээ байгуулсан үнийн дүнг харъя.
“Энержи ресурс”-ийн тооцооноос багассан, хямдарсан мэт харагдаж байгаа боловч төмөр замыг амьдруулдаг дохиолол, өртөө зөрлөг буюу барилгын бүтээн байгуулалтад зарцуулах ажлыг огт төсөвлөлгүй хассан нь харагдаж байна.
Өөрөөр хэлбэл, ул шорооны ажил гүйцэтгэнэ, дээр нь төмөр зам тавьчихна, харин ашиглалт болон бусад асуудал бидэнд “падгүй” гэж хулхи “Самсунг”, түүний дарга нар тооцжээ.
Цагдаагийн албан хаагчид мөрдөн байцаалтын явцад ТЭЗҮ, тооцоо судалгаа, Засгийн газрын ямар ч шийдвэргүйгээр 45 сая ам.долларыг үнийн дүнд шууд нэмж тусган, санхүүжилт өгснийг нотлоод байгаа юм.
“Монголын төмөр зам” ТӨХК дохиолол холбоо, барилга байгууламжийн зардлыг “Самсунг Си Ти” шууд хассан төсвийн санал өгсөнд мэргэжлийн зүгээс болгоомжлон, үнийн дүнгээ нэмэхийг зөвлөхөд солонгос эр өөдөөс нь 45 сая ам.долларын санхүүжилт нэмж нэхжээ.
Өнөөдрийг хүртэл “Самсунг Си Ти” компани дохиолол, өртөө зөрлөгийн барилгын нэг ч ажил хийгээгүй, гаднаас ямар ч тоног төхөөрөмж оруулж ирээгүй байна.
Үүнээс үзвэл “Самсунг Си Ти” ТЭЗҮ, санхүүгийн зөвлөх үйлчилгээ зэрэг тооцоо судалгаагүйгээр 45 сая, ул шороо, нүүлгэн шилжүүлэлтийн ажлаас 54 сая ам.долларыг цэвэр “ашиг” болгож, юу ч хийгээгүйнхээ төлөө авч залилжээ.
Баримт үүгээр дууссангүй. Санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр ямар ч гэрээ байгуулалгүй Хөгжлийн банкнаас мөнгө шилжүүлэн авсныг Эдийн засгийн цагдаагийн албан хаагчид бичиг баримт битүүмжлэн авахдаа мөн илрүүлсэн байна.
САНХҮҮГИЙН ЗӨВЛӨХ Ч.ГАНБАТЫН ҮЙЛЧИЛГЭЭ
Засгийн газрын 2013 оны нэгдүгээр сарын 26-ны 28 дугаар тогтоолд санхүүгийн зөвлөхийг гурван сая 60 мянган ам.долларт багтаан санхүүжүүлэх шийдвэр гаргажээ. “Монголын төмөр зам” ТӨХК ийнхүү “BNP Paribas”, “Guggenheim” компанитай 2013 оны тавдугаар сарын 24-нд гэрээ байгуулсан байна.
Хөгжлийн банкнаас “Либерти партнерс” ХХК-ийн захирал Ч.Ганбат мөнгө нэхэмжлэн авч, гарын үсгээ зуржээ
Гэрээний эхний дүн нэг сая 440 мянган доллар байв. Гэтэл явцын дунд гэрээ байгуулаагүй “Либерти партнерс” ХХК орж ирэн, гэрээний дүнг нэмэгдүүлэн гурван сая 600 мянган доллар болгож өөрчилсөн байна.
Хөгжлийн банкнаас 722.381 ам.доллар авсан шилжүүлгийн хуулга
Ингэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаан, сайдын тушаалаар гаргаагүй нь нотлох баримтаар тогтоогджээ. Улмаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын зөвлөх, “Либерти партнерс” ХХК-ийн захирал Ч.Ганбат 722 мянган долларыг татвар төлөлгүй авчээ.
Өмнө нь “Либерти партнерс” ХХК “Маккензи” болон бусад компанийн хийсэн зөвлөх үйлчилгээнд нэрээ оролцуулж 6.5 сая ам.долларыг хуваалцсан байх бөгөөд 600 мянган доллар мөн л татваргүй авсныг нь тогтоогоод байна.
Эл хэргийг шалгаж эхлэхтэй зэрэгцэн Ч.Ганбат гадаадад оргон зайлсан бөгөөд өдгөө Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа билээ. Баримтууд ийн нотлогдсоор.
Б.ЖАРГАЛ