Хүүхдийн урлан бүтээх төвийг хувьчлахаа болих нь. Оны өмнө нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Японы Элчин сайд Такэнори Шимизүтэй уулзах үеэрээ ийн мэдэгджээ.
Японы Засгийн газраас манай улсад хэрэгжүүлдэг “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Хүүхдийн урлан бүтээх төвийн дээврийг засах юм. Үүнд шаардлагатай 200-гаад сая төгрөгийн санхүүжилт ирэх дөрөвдүгээр сард орж ирэх ёстой ч хувьчлах асуудал гарснаар бүх зүйл ойлгомжгүй болсон байна.
Тиймээс Японы тал арванхоёрдугаар сарын эхээр нийслэлийн Засаг даргад албан тоот явуулж, тус төвийг хэрхэхээс шалтгаалж санхүүжилтийн мөнгийг олгох, эсэхээ шийдэх тухай дуулгажээ.
Үүний хариуд хотын мээр Элчин сайдтай уулзаж, Хүүхдийн урлан бүтээх төвийг хувьчлах объектын жагсаалтаас хасуулахаа албан ёсоор хэлсэн аж. Гэхдээ түүний хэлснийг баталгаажуулахын тулд нийслэлийн ИТХ-ын шийдвэр хэрэгтэй.
Тиймээс Э.Бат-Үүл дарга тун удахгүй энэ асуудлыг ИХТ-д өргөн мэдүүлж, төлөөлөгчдөөр хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.
Хотын 2016 оны төсвийг батлахын өмнө нийслэлийн ИТХ-ын олон төлөөлөгч “Хүүхдийн урлан бүтээх төвийг хувьчлах нь буруу” хэмээн эсэргүүцэж байсан нь хоосон улстөржилт биш л бол одоо тэд дуун дээр гар өргөх биз дээ.
Нийслэлийн төсөвт орлого төвлөрүүлэх зорилгоор энэ онд 21 объектыг нээлттэй дуудлагаар хувьчлахаар болсны дотор Хүүхдийн урлан бүтээх төвийг оруулсанд олон нийт ихэд дургүйцсэн.
Монголын бага Эрмитаж гэдэг энэ төвийн барилга ашиглалтын шаардлага хангахгүй байлаа гээд өмч хувьчлалд оруулах бус, харин ч тэнд суралцдаг 1400 гаруй хүүхдийн хүсэл мөрөөдөл, эрх ашгийг бодолцож, үйл ажиллагааг нь хэвээр үргэлжлүүлэх нөхцөл бололцоогоор хангах ёстой гэдэг байр суурийг бид ч анхнаасаа дэмжиж ирсэн.
Энэ тухай “Өнөөдөр” сонины арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн дугаарт “Үүл баатрын өмч хувьчлалын давалгаа” нийтлэл, 4-ний өдөр “Энд хүүхдүүд хөгжиж байна” сурвалжлага нийтэлж байсныг уншигчид санаж буй биз ээ.
Ирээдүй хойчийнхоо сайн сайхны төлөө дуугарсан бидний, олон түмний дуу хоолойг нийслэлийн удирдлагууд сонсож, хүлээж авсанд талархлаа илэрхийлье.
Л.ГАНЧИМЭГ