Гааль, татварын ерөнхий газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийн төслийн нэгжийн ахлах хөгжүүлэгч Б.Насанжаргалаас дараах тодруулгыг авлаа.
-НӨАТ бол эцсийн хэрэглээнд ногдуулдаг татвар. Тиймээс бараа, үйлчилгээ авахад гаргасан зарлага бүртээ баримт авна гэж ойлгож байгаа. Гэтэл ус, цахилгаан, дулааны төлбөрт баримт олгохгүй гэсэн байна.
-Аж ахуйн нэгж суутган төлөгч болсноос хойш НӨАТ тооцдог. Төслийн нэгжийн зүгээс НӨАТ суутган төлөгч мөн ч бай, биш ч бай үйлчлүүлэгчдэдээ төлбөрийн баримт өгөх хэрэгтэй гэж байгаа.
Учир нь төлбөр төлсөн тухай бүрт баримт олгоно гэж хуульд заасан. Өөрөөр хэлбэл, энэ системд бүх аж ахуйн нэгж хамрагдана гэж ойлгох хэрэгтэй. Иргэд худалдаа хийсэн л бол заавал төлбөрийн баримт авна.
-Иргэд ус, цахилгаан, дулааны төлбөрөө арилжааны банкаар дамжуулан төлдөг. Гэтэл банк энэ мөнгийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” зэрэг байгууллагад дамжуулж буй учраас баримт олгохгүй гэж байна. Ийм тохиолдолд иргэд баримтаа хаанаас авах юм бэ?
-НӨАТ-ын урамшууллын системд Төрийн банк холбогдсон. Ус, цахилгаан, дулааны төлбөрт НӨАТ ногдуулдаг. Тиймээс иргэд хэрэглээний төлбөрөө хийсэн л бол баримт авах ёстой. Гэтэл иргэний мөнгийг авч, холбогдох байгууллагууд руу нь шилжүүлж буй банк дунд нь байна. Энэ тохиолдолд иргэд болон СӨХ мөнгөө тушаадаг арилжааны банкинд хүсэлт гаргаж, энэ системд холбогдохыг шаардах хэрэгтэй. Одоогоор иргэд Төрийн банкнаас сугалааны эрхтэй баримтаа авдаг болсон.
-Энэ хуулиар бол банк НӨАТ суутган төлөгч мөн үү?
-Биш. Гэхдээ бид банкинд зориулсан шийдэл гаргасан. Энэ дагуу банк урамшууллын системд холбогдож, иргэдэд баримтыг нь олгох хэрэгтэй.
-НӨАТ суутган төлөгчөөр үйлчлүүлбэл сугалаанд оролцохоос гадна татварынхаа 20 хувийг буцаан авна. Харин суутган төлөгч биш аж ахуйн нэгжээс бараа, үйлчилгээ худалдан авбал зөвхөн сугалаанд оролцох боломжтой. Найман нэрийн жижиг дэлгүүр, үсчин гэх мэт газраас ямар баримт авах вэ?
-Үйлчилгээний байгууллагууд баримт өгөхгүй бол татварын албаны 1800-1288 дугаарын утсаар мэдэгдэх хэрэгтэй. Иргэдийн мэдээллийг үндэслэн татварын албаны байцаагч арга хэмжээ авна.
-Жижиг дэлгүүрээр үйлчлүүлэхэд НӨАТ төлөхгүй юм чинь заавал баримт авах хэрэгтэй юү?
-Үүнийг НӨАТ-ын урамшууллын систем гэж нэрлэдэг ч гол зорилго нь аж ахуйн нэгжүүдийн орлогыг ил болгох шүү дээ. Тиймээс иргэд ямар ч аж ахуйн нэгжээр үйлчлүүлсэн баримт авах хэрэгтэй.
Энэ нь борлуулалтыг хянахаас гадна олон зүйлийг ил болгож өгнө. Тухайлбал, татварын алба гаалийн байгууллагатай холбогдож бараа, бүтээгдэхүүн бүрийг бүртгэж байна.
Ингэснээр тухайн бүтээгдэхүүн хэзээ гаалиар нэвтэрсэн, хадгалах хугацаа нь хэзээ дуусах вэ гэдгийг мэдэж болно. Ингэснээр хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн борлуулахаас сэргийлнэ гэсэн үг.
-Кассын машин авалгүйгээр иргэдэд баримт олгох ямар арга байна вэ?
-www.ebarimt.mn цахим хуудсанд нэвтэрч баримтаа хэвлэж авч болно. Гэхдээ үүнийг цөөн нэр төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулдаг аж ахуйн нэгж хэрэглэхэд тохиромжтой.
Энэ нь найман нэрийн барааны дэлгүүр зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн худалддаг газарт зориулсан систем биш. Тэгэхээр их хэмжээний борлуулалт хийдэг бол заавал кассын машин авах хэрэгтэй.
-Хүүхдийн цэцэрлэг, сургуулийн төлбөр төлөөд НӨАТ авах боломжтой юу. Яаж авах вэ?
-Тухайн байгууллага нь НӨАТ суутган төлөгч мөн бол авч болно.
-Үйлчилгээний төлбөрөө интернэтээр төлдөг хүн яаж баримт авах вэ?
-Иргэд и-мэйлээр авч болно. НӨАТ-ын баримт нь цахим болон цаасан хэлбэрээр байж болно гэж хуульд заасан байгаа. Өөрөөр хэлбэл, интернэтээр худалдаа хийхэд төлбөр төлж буй байгууллагадаа и-мэйл зэрэг мэдээллээ өгдөг.
Тиймээс та и-мэйлээр, эсвэл файлаар баримтаа авч болно. Тухайлбал, Төрийн банк иргэдэд сугалааны бар кодтой төлбөрийн баримтыг таны цахим хаягаар явуулж байгаа.
-Иргэд орон сууц худалдан авахдаа НӨАТ-ын 20 хувиа буцаан авч болох уу?
-Болно.
Н.САНЖААСҮРЭН