Сэлэнгэ аймагт байрлах хилийн цэргийн ангийн хугацаат цэргийн алба хаагч, ахлах байлдагч Гантөгс, Болдбаяр нар хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байхдаа зэвсэглэн орголоо. Тэднийг үүрэг гүйцэтгэж байсан харуулын байрлалдаа ирэлгүй, зэвсэг, холбооны хэрэгсэл, морьтойгоо алга болсон тухай мэдээлэл Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт энэ сарын 6-ны 02.00 цагийн үед ирсэн байна.
Энэ мэдээллийн дагуу тус аймгийн Цагдаагийн газрын удирдлагууд шуурхай арга хэмжээ авч, эрэн хайх бүлгүүд томилохын зэрэгцээ ЦЕГ-ын дарга нарт ч болсон явдлын талаар мэдээлэл хүргүүлжээ.
ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Р.Чингис тэр даруйд нь шуурхай удирдлагаар орон нутгийн цагдаагийн алба хаагчдыг хангаж ажилласнаар цэргийн албанаас зайлсхийж оргосон залуусыг цаг алдалгүй баривчиллаа.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Б.Баатархүү “Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн, Шаамар, Хушаат болон Булган аймгийн Сайхан сум, Атрын сангийн аж ахуй зэрэг хэсгээр цагдаагийн 30 гаруй ажилтнууд самналт хийсэн.
Самналтын үеэр Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэр дэх Гэгээлэг гэх газарт сэжигтнүүдийг автомашинтай явж байсныг тогтоосон. Тэднийг зогсоохоор цагдаа нар шаардлага тавихад зугтсан байна.
Удалгүй 21.30 цагийн үед Шаамар сумын нутаг Бүүрэг толгой нэртэй газарт тээврийн хэрэгслийг албадан зогсоох арга хэмжээ авч баривчлах ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд амжилттай зохион байгуулсан.
Цагдаагийнхан тэднийг хөөх, угтан баривчлах, дугуйг нь хагалах, зам дээр хаалт хийх аргаар зогсоож, нэг цаг гаруй хэлэлцээр хийсний үр дүнд ийнхүү аюулгүй баривчилсан байна. Баривчилгааны үеэр аюулгүй байдлыг сайн хангасан учир ямар нэгэн хүн гэмтэж бэртээгүй аж. Цэргүүд оргосон шалтгаанаа цэргийн ангитай ямар ч холбоогүй гэж тайлбарлаж байгаа” гэлээ.
Харин ХХЕГ-ын Хэвлэл олон нийттэй харилцах албанаас “Булган аймгийн Тэшиг, Сэлэнгэ сумаас 2015 оны нэгдүгээр ээлжээр цэргийн албанд татагдаж, Сэлэнгэ аймагт алба хааж байсан ахлах байлдагч нар энэ сарын 6-нд хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байгаад байрлалаа орхин оргосон зөрчил гарлаа.
Тэд нэгдүгээр сар 5-ны 23.00 цагаас, нэгдүгээр сарын 6-ны өдрийн 07.00 цаг хүртэл хилийн манаанд томилогдон үүрэг гүйцэтгэсэн боловч тогтсон хугацаандаа харуулын байрлалдаа ирээгүй.
Дээрх байлдагч нар хилийн манааны табелаар олгосон зэвсэг, морин уналга, холбооны хэрэгсэлтэй явсан. Хил хамгаалах байгууллага, хилийн тагнуулын алба, цагдаагийн байгууллага цаг алдалгүй нягт хамтран ажилласны үр дүнд цэргийн албан хаагчдыг Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг, Орхон голын гүүр орчимд саатуулсан.
Тэднийг хууль хяналтын байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна. Ямар шалтгаанаар хилийн манаагаа орхин оргох болсныг тогтоохоор ХХЕГ-аас тусгай бүлэг томилогдон байгууллагатай хамтран ажиллаж байна” гэсэн мэдээлэл өгөв.
БУЯНДЭЛГЭР: БУУДЧИХААГҮЙД БАЯРЛАЖ СУУНА
Хилчид өдөр бүр галт зэвсэгтэй харьцаж, агсаж явдаг болохоор түүнийгээ авч оргосон тохиолдолд ямар нэг гэмт хэрэг үйлдэж болзошгүй байдаг. Ахлах байлдагч Гантөгс, Болдбаяр нар ч бас зүгээр байсангүй.
Оргож явах замдаа Цагааннуур сумын иргэн, өндөр настан Буяндэлгэр болон Золоо гэх залууд буу тулган сүрдүүлж, 55-78 СЭҮ улсын дугаартай “Хонда Лого” маркийн автомашиныг нь дээрэмджээ.
Нутгийн малчдыг машинаас буулгаж, идэр есийн жавар тачигнасан өвлийн үдэш хээр орхисон учраас нэг нь чихээ хөлдөөж, биед нь хөнгөн гэмтэл учирсан байна. Энэ талаар хохирогч Буяндэлгэртэй утсаар холбогдоход “Энэ сарын 6-ны 19.20 цагийн үед Бор бэлчир гэдэг газар буу агссан хоёр хүн биднийг зогсоож, машиныг минь аваад явсан. Бууны ам онгойж харлаад их аймшигтай юм байна.
Буудчих вий, хөнөөчих вий гэж их айж байлаа. Тэд машиныг минь авч зугтсан учраас би 10 гаруй км газар явган явж байж Зэлтэрийн цагдаагийнхантай тааралдаж болсон явдлыг хэлэхэд хилийн цэргийн хоёр алба хаагч оргож яваа талаар хэлээд намайг аймгийн төвд эмнэлэгт хүргэсэн.
Би 65 настай, даралт ихэсдэг учраас малгай өмсдөггүй. Машинаасаа хөөгдөж хээр үлдсэнээс болж хоёр чихээ хөлдөөчихөөд байна. Одоо даралт маань жаахан их, энэ нь магадгүй айж цочирдсоноос болсон байх.
Ах нь гэртээ зүгээр сууж чаддаггүй. Тиймээс машинаараа ийш тийш явж, биеийнхээ чилээг ч гаргаж, тэтгэврийнхээ хэд дээр нэмэрлэдэг юм. Гэтэл тэд машиныг маань дээрэмдсэнээс болж, гэртээ суух боллоо.
“Машинд учирсан хохирлыг барагдуулна” гэж тэр хоёр цэргийн алба хаадаг ангийнх нь захирагч бололтой нэг хурандаа хэлнэ лээ. Тэднийг Шаамар сумын ойролцоо Орхон голын гүүрны орчимд баривчилсан. Зэвсэгтэй хоёр цэрэг машинаар маань нэг “Портер” мөргөөд дэнжийн уруу оруулж зогсоосон байгаа нь харагдсан” гэж ярилаа.
Тэднийг шуурхай ажиллаж баривчлаагүй бол цаашид ямар ч гэмт хэрэг үйлдэж болзошгүй. Галт зэвсэг агссан тэд унаагаа сэлгэх, шатахуунтай болохын тулд сумын төв, суурин газар бараадаж, дээрэм хийх цаашлаад хүн барьцаалах ч боломжтой байсан талаар хамтарсан ажлын хэсгийнхэн хэлж буй юм.
Гантөгс, Болдбаяр нарын хөлөглөж явсан машиныг кинон дээр гардаг шиг дугуйг нь хагалж, замын хажуу руу уруудуулж зогсоосны дараа тэд машинаасаа гарахдаа цагдаа, хилийн цэргийн эрлийн бүлгийнхэн рүү буугаа шагайн эсэргүүцэл үзүүлсэн гэнэ.
Энэ үед цагдаагийнхан хэлэлцээ хийсэн бөгөөд хилийн харуулаа хаяж одсон дээрх хоёр залуу “Машин, 30.000 төгрөг өг” гэж шаарджээ. Нэлээд удаан хэлэлцээ хийж, ингэж болохгүй, эсэргүүцэл үзүүлэх хэрэггүй гэх зэргээр ярилцаж тохиролцсоны дараа тэд бууж өгчээ.
Тэднийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа бөгөөд анхны мэдүүлэгтээ “Дарга, офицерууд зодож, дарамталсан зүйл байхгүй. Гэхдээ бид хоёр заставтаа жаахан доошоо ороод байсан юм. Бас гэртээ хариад ирмээр санагдах болсон. Тэгээд ярилцаж тохиролцоод харуулын байрандаа очилгүй явсан. Замд явж байсан машиныг зогсоож, хүмүүсийг нь буулгаж орхиод явсан. Нутагтаа очих санаатай л ингэсэн” гэж мэдүүлсэн гэнэ.
Тэдэнд Эрүүгийн хуулийн 147.2-т заасан зэвсэг ашиглан эд зүйл дээрэмдсэн, 279.1-д заасан цэргийн албанаас санаатайгаар оргон зайлсан гэсэн үндэслэлээр хавтаст хэрэг нээгээд буй юм байна.
Эх орныхоо торгон хилийг манаж байх үүрэгтэй хоёр цэрэг хилээ хаяж орхисон нь хуучин цагт бол эх орноосоо урвах гэмт хэрэгт тооцогдох байв. Харин энх цагт ийм хэрэг өдүүлсэн дээрх хоёр ахлах байлдагч халагдахад дөрөвхөн сар л дутуу байхдаа ялтны ширээнд суух болсон нь харамсалтай.
Г.РАВЖАА