Ес эхлэхээс сар гаруйн өмнө дэгдсэн өндөр халууруулагч ханиадны нянг өвлийн адаг сар гарсан хойно ч Эрүүл мэнд, спортын яам таньж чадалгүй хавартай золгох төлөвтэй. Мэргэжилтнүүд нь “Олон төрлийн вирус холилдсон тун ч ярвигтай эд юм билээ” хэмээн хөмсөг зангидахаас хэтэрсэнгүй.
Тэд эмч нартаа шинэ ханиадыг хэрхэн эмчлэх тухайд тодорхой зөвлөмж өгч чадахгүй л сууна. Сайдгүй салбарынханд үл таних нянгаас авахуулаад ойлгомжгүй зүйл олоон. МАХН-аас ирсэн шинэ сайд ажлынхаа өрөөнд авлига авсан ч юм шиг, үгүй ч юм шиг учир нь үл олдох хэрэг байна.
Санасан зоргоороо Шадар сайд болоогүйдээ бантсан Н.Энхбаяр батлан даалтад гараад буй Г.Шийлэгдамбыг “үйлдэл дээрээ баригдсан” гэх сайдынхаа өрөөнд эргээд ирэх маягийн яриаг илтэд тараах боллоо.
Сайд хоригдохдоо ажлаа хүлээлгэн өгөхөөр болсноо Ерөнхий сайдад бичгээр мэдэгдэж, улс төрийн тохироогоор Эрүүл мэнд, спортын яамыг “хувьчилж” авсан МАХН дараагийн сайдын эрэлд гарснаас хойш хуулийн 30 хоног хэдийн талийгаад байгаа билээ.
Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар яам хэдий болтол сайдгүй байхыг мэдэхгүй байна. Тэрбээр “Ерөнхий сайд л мэднэ” гэсэн.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт сайд нарын танхимаа толгой мэдэн бүрдүүлэх улс төрийн боломж байдагсан бол улс орныхоо энхийн манааг сахих үүрэгтэй эрүүл мэндийн салбараа ингэж улс төрийн барьцаа болгон хууль зөрчихгүй байсан. Түүнд Засгийн газарт нь хамтрагч МАХН-ын бүү хэл, төрөлх АН-ынхаа учрыг олох мэдэл дутуу юм.
ӨӨРЧЛӨГДСӨН ТАКТИК
Өрөвдүүлэх тактик моодноос гарсныг Н.Энхбаяраас өөр сайн мэдэх хэн байх билээ. Тэгээд ч УИХ-д бүлэгтэй, Засгийн газарт сайд нартай, өөрөө гэхэд л бараг Шадар сайд шахам хүнийг хэн өрөвдөх гэж. Одоо тэрбээр эрх баригчдыг барьцаалах, горьдоох тактикаар давших болов.
Эрүүл мэндийн сайдын томилгоо хууль бусаар гацсан, Г.Шийлэгдамбын статусыг улстөрчийнх нь хувьд ойлгомжгүй болгож байгаа зэрэг нь МАХН-ын даргын барьц чангарсныг харуулна.
“Хэрэв намайг Шадар сайд болговол...” гэсэн Н.Энхбаярын яриа өнөөдөр ч Төрийн ордонд үргэлжилсээр. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг түүнтэй шадарлах хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн биш Эрүүл мэнд, спортын сайдгүй, улмаар танхимаа чадамжгүй болгох торгуулийн гогцоог толгойдоо углахад хүрэв.
Н.Энхбаяр Шадар сайд болбол намаа Засгийн газраас гаргахгүйгээр үл барам сонгуульд МАН-ын саналыг хуваан оролцож, 2012 онд үзүүлсэн тусаа ирэх зун дахин хүргэх хувилбарыг АН-ын дарга З.Энхболдод амалжээ.
Тиймээс З.Энхболд Н.Энхбаярын буянаар сонгуульд ялах бөөн горьдлого тээчихсэн, Ч.Сайханбилэгийг шахсаар л байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ирэх сонгуулиар МАХН-ын авчрах дэмжлэгийг бодоод эрх мэдэлгүй дээрээ бөөрөнхий болчихсон яваа. “Нэгэнт Н.Энхбаярыг Шадар сайдаар хүлээж авахгүй гэчихсэн юм чинь суурин дээрээ эргэлтэй биш, хэсэг азнаж байгаад хүлээгээд авчихсан ч яах вэ” гэсэн шүү бодолтой. Үнэндээ ч Н.Энхбаярыг Шадар сайд болголоо гээд АН-аас юу ч унахгүй.
Харин МАХН сонгуулийн өмнө Засгийн газраас гарч популист шоу дэглэх вий гэдэг болгоомжлол З.Энхболд, Ч.Сайханбилэг хоёрт хоёуланд нь адилхан байгаа. Сонгуулийн өмнө намуудын хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээ огт үйлчилдэггүй гэдгийг Засгийн газрыг хэдэнтээ орхисон АН туршлагаасаа сайн мэднэ.
МАХН одоо Засгийн газрыг орхих цаг боллоо гэх утгатай уриалгуудыг УИХ-ын гишүүн асан, тус намын шинэхэн гишүүн Ж.Сүхбаатар жиргэх болжээ. УИХ-д намын жагсаалтаар сонгогдох тохироотойгоор МАХН-ыг зорьсон гэх Ж.Сүхбаатар энэ мессежийг Н.Энхбаяртай толгойгоо нийлүүлэн сууж байгаад бичсэн ч байж магадгүй.
Н.Энхбаярыг Шадар сайд болгохгүй байгаа Засгийн газрын хаалгыг савмагцаа сонгуулийн сурталчилгаанд ханцуй шамлах төлөвлөгөө байхыг үгүйсгэхгүй. АН одоо нэг хөлөөрөө ийм барьцаанд орчихож. Басхүү Н.Энхбаярыг Шадар сайд болгочихвол МАХН Засагт үлдээд, дээр нь сонгуулиар МАН-ын саналыг хуваагаад өгчих юм болов уу гэсэн горьдлоготой.
МАН-ЫН “ХӨХ ХАВДЖЭЭ”
МАН, МАХН-ын ахмадууд хоёр талд хадаг барьснаас хойш МАН-ын дарга М.Энхболд алба нэгт Н.Энхбаярыг хүрээд ирнэ гэж харуулдан суух болжээ. Н.Энхбаярыг Шадар сайд болгоогүйд хамгийн их баярласан хүн М.Энхболд л байх.
“За, одоо л Засгаас гараад манай руу...” гэж горьдсоор “хөх нь хавдчихаж”. Н.Энхбаяр горьдоох алхмаа өөрөө анх хийсэн юм билээ. МАН дахь МАХН-ын үеийн хуучцуулаар үг дайж, сонгуулийн өмнө МАН, МАХН-ыг нэгтгэх бодолтой байгаагаа М.Энхболдод нэг бус илэрхийлсэн аж.
Засгийн газарт АН-тай хамтарснаас хойш МАХН-ын рейтинг унаж буй судалгааны дүн МАН-д байгаа юм. Тиймээс Н.Энхбаяр сонгуулийн өмнө намаа Засгийн газраас гаргахгүй хаачих вэ гээд бат итгэчихсэн бүлэг хүн Тусгаар тогтнолын ордонд суугаа. Гэтэл Н.Энхбаяр намаа Засгийн газарт үлдээгээд, бас МАН-тай нэгтгэхгүй бол хавдсан хөхний буглааг арилгах дом хайхаас өөр аргагүй болно.
МАХН 2012 оны сонгуульд саналаас нь хуваасан шиг явдалд бэлэн байх хэрэгтэй. Ер нь бол одоогийн нөхцөл байдлаар МАХН Засгаас гарсан ч МАН руугаа буцаж ирэхгүй нь тодорхой.
.Энхбаярыг дахиад намын дарга, Ерөнхий сайд болгох тохироо хийх улс төрийн түүхэн буулт хийвэл өөр хэрэг. Тэр ийм амлалт сонсвол МАН-ыг сонгуульд үнэмлэхүй ялуулахын тулд үхэхээс бусдыг хийж чадна.
МАХН ийнхүү хоёр талд ижилхэн горьдлого төрүүлэх арга хэрэглэж буй нь 2016 оны сонгуулийн өмнөх “статус кво”-гоо бодит байдлаас арай дээгүүр үнэлж, түүнд нь МАН, АН хүртэл итгэчихсэн байгаа хэрэг. Нэг үгээр төөрөгдөл ч байж магад.
2012 онд нөхцөл байдал өөр байсан. Хууль хүчнийхний тусгай ажиллагааны болхи алдаанаас болж олны нүдэн дээр доромжлогдсон Н.Энхбаярыг хүмүүс хязгааргүй ихээр өрөвдсөн нь үнэн.
Одоо тэр үеийн сэтгэл хөдлөл намжсан учраас Н.Энхбаяр маш ухаалаг хөдлөхөөс өөр аргагүй. Эс бөгөөс юун МАН-ын саналыг хуваах манатай болох гээд байдаг...
Б.ЭНХЦЭЦЭГ