Манай анхан, дунд гээд III шатлалын бүх эмнэлэг мэдээллийн нэгдсэн системгүй. Одоо хүртэл навсайсан цаасан дээр өвчний түүх бичсэн хэвээр.
Уг нь Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийг цахим карт, хувийн эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн сантай болгож, даатгалтай иргэн бүр харьяалал харгалзахгүйгээр тусламж, үйлчилгээ авдаг болох том зорилт тавьсан ч ажил хэрэг бололгүй өдий хүрсэн.
Тэгвэл төв эмнэлэг, мэргэжлийн төрөлжсөн төвүүд болон аймаг, дүүргүүдийн Нэгдсэн эмнэлгүүдийг цахим тогтолцоонд шилжүүлэх “Цахим эрүүл мэнд” төслийг өчигдөр эхлүүлэв.
Уг төслийг БНХАУ-ын Засгийн газраас Монголд олгосон хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх аж. Ингэснээр дээрх мөрийн хөтөлбөр эхнээсээ ажил хэрэг болно гэсэн үг.
Уг төсөл нийт 18.9 сая ам.долларын төсөвт өртөгтэй. Үүнийг эмнэлгүүдэд тоног төхөөрөмж нийлүүлэх, программ хангамж шинэчлэн сайжруулах болон хүний нөөцийг чадавхжуулахад зарцуулах юм.
Тодруулбал, эрүүл мэндийн нийт 112 байгууллагад 23 нэр төрлийн тоног төхөөрөмж нийлүүлж, 48 байгууллагад цахим үйлчилгээ нэвтрүүлэх юм байна.
Төсөл хэрэгжсэнээр Монголын хүн амын өвчний түүхүүд нэг системд шивэгдэн орж, эмч нар карттай “ноцолдох” шаардлагагүй болно. Иргэд цахим картаараа аль ч шатлалын эмнэлгээс харьяалал харгалзалгүй тусламж, үйлчилгээ авахад тухайн иргэний бүхий л мэдээлэл нэг программаас гарч ирэх юм.
Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийн байдал, өвчний түүхийг олон улсын стандартад нийцүүлэн нууцалж, аюулгүй байдал бүрэн хангасан мэдээллийн нэгдсэн санд хадгалж, нотолгоонд суурилсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд үзүүлнэ гэсэн үг.
Ингэснээр эмнэлгүүдийн ачаалал багасан, өвчтөнөө удаан хүлээлгэх, шаардлагагүй давтан шинжилгээ хийхээ болихоос гадна зардал хэмнэх боломжтой. Мөн эмийн жорыг цахим хэлбэрт оруулснаар замбараагүй хэрэглээ багасна гэж ЭМСЯ-ныхан үзэж байна.
Дээрээс нь алсын зайнаас оношилгоо, эмчилгээ хийх нөхцөлийг бүрэн хангаж, өвчтөн шилжүүлэх тогтолцоог цахимжуулснаар иргэдийн нуруун дахь хүнд ачаа үгүй болох аж.
О.БАТ-УНДРАХ