Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум. 2015.12.18
"Онцгой байдлын албаны удирдах ажилтны стратегийн цугларалт” хэмээх зөвлөгөөн өчигдөр эхэллээ. Зөвлөгөөнд Шадар сайд Ц.Оюунбаатар оролцон, удирдах ажилтнуудад үүрэг, чиглэл өгсөн юм.
Тэрбээр “2016 оныг Засгийн газраас “Хэрэглэгчийн жил” болгож байгаатай холбогдуулан бидний авч хэрэгжүүлэх бүхий л арга хэмжээ, үйл ажиллагаа иргэн, айл өрх бүрт хүрч, тэдний эрх ашиг, аюулгүй байдлыг хангахад бүрэн чиглэх ёстой.
Тухайлбал, гамшиг, осол, аливаа эрсдэлээс ард иргэдийг хамгаалахын тулд гамшгаас урьдчилан сэргийлэх ажлуудыг эрчимжүүлэх, тогтмолжуулах, давтамжтайгаар зохион байгуулах нь чухал” гэв. “Онцгой байдлын албаны дунд хугацааны стратеги төлөвлөгөө” батлагдсантай холбогдуулан БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дэд дарга, бригадын генерал Р.Сүхбат, ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Р.Чингис нар эл зөвлөгөөнд оролцон цаашдын хамтын ажиллагаа, стратегиа тодорхойлов.
Оны өмнөхөн Улсын онцгой комиссын шуурхай бүлэг өвөлжилтийн байдалтай танилцаад ирсэн билээ. Одоогийн байдлаар 16 аймгийн 50 сум цагаан зудтай байгаа юм. Дашрамд дуулгахад, цагаан зуд гэдэг нь өвөл бэлчээрийн цасны нягт аль ч бүс нутаг 0.25 г/куб см буюу түүнээс их, цасны дундаж зузаан өндөр уулын болон ойт хээрийн бүсэд 12 см-ээс ихэссэнийг хэлдэг аж.
Өвөлжилт хүндэрч, цагаан зудтай байгаа аймгуудын Онцгой байдлын газрын дарга нартай зөвлөгөөний үеэр уулзав.
ЗАМ ДАВАА ХААГДСАН
Г.Эрдэнэбаатар (Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын дарга):
-Танай аймагт өвөлжилт ямархуу байна?
-Манай аймгийн 13 сумын 11 нь зудын байдалтай болсон. Цас байнга шуурч байгаа учраас Эрдэнэцагаан сум руу явах төв зам хаагдсан. Ковшоор зам гаргаж байгаа ч 1-2 хоноод цасанд дарагдчихдаг.
Мөн Баруун-Уртаас Чингис хот чиглэлийн төв зам хаагдах эрсдэлтэй байгаа. Аймгийн авто зам засвар, арчлалтын компаниудаас ажлын хэсэг гарч, замын цасыг ачиж, цэвэрлэж буй ч машин техник хангалтгүй учраас хүндрэл учирч байна.
Сүүлийн гурван сард манай аймагт 15-20 удаа цас орсон. Цасны зузаан 18-25 см.
-Малчид малаа нядалж байна уу?
-Хаврын хүндрэлийг давахын тулд малаа нядалж, мах авах цэгүүдэд тушааж байгаа.
-Малаа өвсөөр солих тохиолдол цөөнгүй байна гэсэн. Танай аймаг өвс тэжээлээ хэр бэлтгэсэн бэ?
-Өнгөрсөн жил Дорнод болон манай аймагт зуншлага сайхан болсон. Монгол Улсын хадлангийн бүх бригад Дорнод, Сүхбаатарт ажилласан шүү дээ. Манай аймагт гэхэд 90-ээд бригад ажилласан.
Тиймээс иргэд өвс, тэжээлээ нэлээд нөөцөлсөн. Гэсэн ч цаашдаа өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Манай аймагт 67 тн өвс үнэ төлбөргүй олгосныг малчдад хуваарилсан.
-Түргэн тусламжийн машингүй сум бий юү?
-Судалж үзэхэд гурван сумын түргэний машины эдэлгээний хугацаа дууссан учраас солих шаардлагатай байна.
-Хээрийн түймэр их гардаг суманд аврах, гал унтраах анги байгуулахаар болсон. Эрдэнэцагаан сум хэзээ ийм ангитай болох вэ?
-Эрдэнэцагаан суманд аврах гал унтраах анги байгуулах Засгийн газрын тогтоол гарсан. Дорнодын Матад, Сүхбаатарын Дарьганга, Эрдэнэцагаан, Сүхбаатар сум буюу зүүн өмнө зүгийн бүс нутгийг ой, хээр, гал түймрийн аюулаас хамгаалах зорилготой.
Энэ сарын 15-наас тэнд ажиллах бүрэлдэхүүнээ сургалтад хамруулна. Ирэх тавдугаар сарын 1 гэхэд үйл ажиллагаагаа эхэлчихнэ.
АЙМГИЙН 50 ХУВЬД ЗУД НҮҮРЛЭХ НЬ
Ө.Болд (Завхан аймгийн Онцгой байдлын газрын дарга):
-Хэчнээн суманд зуд нүүрлээд байна вэ?
-Асгат, Тэс, Баянтэс, Баянхайрхан, Отгон, Яруу сум зудтай байна. Аймгийн тал хувьд зуд болж болзошгүй байгаа. Тиймээс өвс, тэжээлийн нөөцийг зохих сумдад хүргүүлсэн.
Улсын нөөцөөс өвс үнэгүй, тэжээл 50 хувийн хямд үнээр авснаа малчдад тарааж эхэлсэн. Манай аймаг хадлан тэжээл бэлтгэх талбай, нөөц багатай.
Ялангуяа энэ намар байгалийн хадлан бэлтгэх нөөц улсын хэмжээнд тааруу байлаа шүү дээ. Мах, малын түүхий эд хямд байгаа учраас бэлэн мөнгөгүй малчдад өвс, тэжээл үнэгүй олгосон. Мөн төл мал хорогдож байна.
-Цасны зузаан ямар байна?
-Тал газар 20-30 см, өндөр уулархаг хэсгээр 30 см-ээс дээш цастай байна. Цас шуурч хатуурахгүй байгаа тулдаа орон нутгийн болон улсын чанартай зам хаагдах бэрхшээл гайгүй байна.
-Танай аймагт түргэн тусламжийн машин өгсөн. Уг машин орон нутгийн замд тохиромжгүй гэдэг үнэн үү?
-Уулархаг, хад асгатай, бартаа саадтай газар учраасаа хүн эмнэлэг, цагдаа, ЗДТГ-ын машин хугацаанаас өмнө эвдэрдэг. Машин нь эвдэрсэн суманд шинэ машин өгсөн гэсэн. Гэхдээ би хараагүй болохоор сайн мэдэхгүй байна.
Үүнээс гадна манай аймгийн авто зам засах, арчлах компани 300 сая төгрөгийн өртэй. Тиймээс хаагдсан зам давааг нээхэд асуудал тулгараад байна.
ЦАСНЫ МОТОЦИКЛИОР ХҮНСЭЭ ЗАЛГУУЛЖ БАЙНА
Ц.Баттулга (Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын дарга):
-Танай аймагт өвөлжилт хэр байна вэ?
-Манай аймаг 12 сум, нэг тосгонтой. Баруун хэсгээр цас их орон, шуурч байгаа учраас өвөлжилт хүндрэх төлөвтэй. Хилийн цэргийн ангиудад машинаар очих боломжгүй учраас цасны мотоциклиор хоол хүнс бусад зүйлээ залгуулж байна.
Мөн Сагсай сум түргэн тусламжийн машингүй. Аймгийн төвийн түргэн тусламжийн нэг машиныг тус суманд түр ажиллуулж байгаа гэв.
Ч.БОЛОРТУЯА