Өнгөрсөн лхагва гаригт БНАСАУ ус төрөгчийн зэвсгээ амжилттай туршлаа хэмээн бахархалтайгаар мэдээлсэн билээ. Үүний улмаас НҮБ-ын аюулгүйн зөвлөл яаралтай хуралдаж улс орны удирдагч нар эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа юм.
Японы ерөнхий сайд Хойд Солонгосын үйлдэл япон улсын аюулгүй байдалд ноцтой заналхийллээ гэж мэдэгдсэн бол АНУ, Өмнөд Солонгосын төрийн тэргүүнүүд “Хойд Солонгос НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг зөрчсөнийхөө төлөө хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна”.
Түүнчлэн Хойд Солонгосын мэдэгдлийн дараагаар Өмнөд Солонгос улс байлдааны бэлэн байдалд шилжсэн бөгөөд хоёр улсын хил дээр байдаг суртал нэвтрүүлгийн чанга яригчуудыг ажиллуулах шийдвэр гаргасан юм. Эдгээр чанга яригчуудыг хоёр талын зэвсэгт хүчнийхэн тохиролцоонд хүрсний дүнд ажиллагааг нь зогсоогоод байсан билээ.
Ус төрөгчийн бөмбөг нь хамгийн аюултай Хойд Солонгосын урьд өмнө нь туршиж байсан цөмийн зэвсгүүдээс хэдэн арав дахин илүү хор хөнөөлтэй зэвсэг юм. Хэдийгээр шинжээчдийн үзэж буйгаар Хойд Солонгос ус төрөгчийн бөмбөг туршсан гэх хангалттай нотолгоо байхгүй байгаа ч АНУ, Өмнөд Солонгос улсын төрийн тэргүүнүүд БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээ авахад хамтран ажиллахаар тохиролцлоо.