Монгол залуус өндөр хөгжилтэй улс оронд дээд боловсрол эзэмшин, мэргэжил
дээшлүүлэх эрмэлзэлтэй болжээ. Мөн хамгийн өндөр чансаатай сургуульд элсэж, өөрөө түүчээлэн бусдыгаа энэ замд хөтөлсөн амжилттай хүмүүс ч олон бий.
Шинэ он гарснаас хойш олон нийтийн сүлжээ болон цахим хуудсуудаас тэтгэлгийн тухай мэдээлэл хамгийн их уншигдаж байгаа.
Аль улсын Засгийн газар ямар нөхцөл, шаардлагатайгаар тэтгэлэг зарлаж, хэдий хүртэл бичиг баримт хүлээж авах нь гадаадад сурахаар зэхэж буй хүмүүст чухал байдаг.
БСШУЯ-ны мэдээллээр Сургалтын төрийн сангийн санхүүжилт болон Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд гадаадад оюутан суралцуулдаг бөгөөд 2000-2014 онд ОХУ, БНХАУ, Польш, Унгар, Болгар, Казахстан, Куба, Вьетнам улсад 8500 орчим оюутан сургажээ.
Засгийн газар хоорондын тэтгэлгээр бакалаврын сургалтад суралцуулах сонгон шалгаруулалтад Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн нэг, хоёрдугаар дамжаанд 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутнууд бүртгүүлэх боломжтой.
Магистр, докторын сонгон шалгаруулалтад бакалавр, магистрын зэрэгтэй, голч дүн нь 3.0 ба түүнээс дээш иргэн хамрагддаг журамтай.
Сургалтын дүнгийн голч, гадаад хэлний мэдлэг чухал гэдгийг хүн бүр мэддэг. Түүнээс гадна үргэлж санахад илүүдэхгүй зөвлөмжийг хүргэе.
ЭХЛЭЭД ӨӨРИЙГӨӨ БЭЛД
Зорилгоо тодорхойл. Эзэмшсэн мэргэжлээ гүнзгийрүүлж, гадаадын их дээд сургуульд сурахаар төлөвлөсөн бол та өөрийгөө ирээдүйд хэн байх, ямар амжилтад хүрэх, хэрхэн зорилгоо биелүүлэх замаа сонгосон гэж найдаж байна.
Сэтгэл хөөрлөөр шийдвэр гаргах гэж байгаа бол түр азнаарай. Танаас асар их хичээл зүтгэл, багагүй мөнгө гарах учраас эхлээд зорилгоо оновчтой тодорхойлох нь зүй.
Цаг ашиглаж сур. Унших, судлах зүйл их байх учраас цагаа зөв зохистой хуваарилж, аливааг амжуулж сураарай. Зөвхөн хичээлийн төлөө амьдар гэсэн үг биш шүү. Шаардлагатай үед тархиа сэргээж, чөлөөт цагаа өөртөө зориул. Ингэж байж л илүү сайн бүтээмж гарна.
Гүйлгэж уншихыг хичээ. Нарийн мэргэжлийн хичээл болон цээжлэх ёстой дүрэм, теором л биш бол уншиж байгаа зүйлээсээ голыг нь олж, гүйлгэж уншиж сурвал илүү ашигтай. Догол мөрийн сүүлийн өгүүлбэрт ихэвчлэн тухайн мэдээллийн гол санаа байдаг.
Хамт олонч бай. Бие даалт, багаар ажиллах даалгавар харьцангуй их байдаг нь манай боловсролын тогтолцооноос ялгаатай. Тиймээс эртнээс бусадтай хамтран ажиллах дадал эзэмшээрэй.
Эрэл хайгуул. Сургуулийнхаа онлайн номын сангийн мэдээллийг сайн уншаад аваарай. Сурч байгаа чиглэлтэйгээ холбоотой эрдмийн сэтгүүлүүдийг мэдэж авбал олон төрлийн мэдээлэл шуурхай хүлээн авах боломж бүрдэнэ.
Хуулбар бүү хий. Бие даалт хийхдээ хэн нэгний бичсэнээс “будаа идчихдэг” сул тал байсан бол үүнийгээ одоо март. Зохиогчийн нэр дурдахгүйгээр хулгай хийвэл сургуулиасаа хөөгдөж ч магадгүй. Бусдыг хуурах гээд өөрийгөө хуурах хэрэггүй.