Баянгол дүүргийн 15 дугаар хорооны 24 дүгээр байрны орцонд цахилгаан шатруу орж байсан 74 настай эмэгтэйг гурван залуу бүлэглэн дээрэмдэж буй бичлэгийг өнөөдөр олон хүн үзсэн байх. Хохирогчийн хүү хяналтын камерийн бичлэгийг олон нийтийн сүлжээгээр цацсан билээ. Эдгээр залуусыг олох зорилготойгоо, Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахыг уриалсан бичлэг олон хүний зүрхийг шимшрүүлсэн. Ээж шигээ, эмээ шигээ хүнийг гурван залуу бүлэглэн дээрэмдэж, нэг нь цүнхийг нь булааж, эсэргүүцэл үзүүлэхэд нь чирж, гулдачсаар шатнаас унагаж, арын хоёр залуу нь хөгшин хүний дээгүүр харайлган гарч зугтаж байгаа тэр зураг үнэхээр эмгэнэлтэй байлаа.
Тэгвэл Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн шуурхай ажиллаж гэмт этгээдүүдийг 19.00 цагт баривчилжээ.
Хэрэг үйлдсэн гурван залуу Увс аймгийн Давст сумын харъяат бөгөөд А нь "Чандмань" авто угаалгын газарт ажилладаг байсан аж. А нь Б, Ц нартай нийлж, мөнгө олох зорилгоор дээрэм хийхээр тохиролцоод 28 дугаар сургуулийн ар талын байрнуудын дунд явж байхдаа хохирогч эмэгтэйг олж харж дагажээ. Тэд гурвуулаа 1990 онд төрсөн 26 настай залуус аж.
Тэд хотод оршин суух хаяггүй, "Чандмань" угаалгын газартаа амьдардаг бөгөөд тэндээс А,Б, Ц нарыг баривчилжээ.
Тэднээс эд мөрийн баримт болгож хохирогчийн "Самсунг" маркийн гар утсыг хураан авсан бөгөөд тэд мэдүүлгээ өгч, хэргээ хүлээж эхлээд байна.
74 настай хохирогч эмэгтэй хамарны яс, эгэм, дунд чөмөг нь гэмтсэн бөгөөд ГССҮТ-т эмчлүүлж байгаа аж.