"Херо энтертайнмент" студийн найруулагч Б.Баатар өнөөдөр 12.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж дараах тайлбарыг хийлээ.
- Энэ бол нарийн зохион байгуулалттай хулгайн хэрэг. Бид Монголдоо баталгаатайд тооцогдох серверт материалаа хадгалдаг. Тэгэхээр тэд маш эртнээс нарийн төлөвлөн хийжээ.
- Цагдаагийн байгууллага, Оюуны өмчийн газар хэдийнэ хандсан. Илрүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. Монголын төр, Цагдаагийн байгууллага тунгалаг байгаа. Цахим гэмт хэрэг ул мөрөө заавал үлдээдэг. Харин Монголын улс төр хамгийн доод шатны бохир заваан байдалдаа хүрчихжээ.
- Манай студид атаархсан, надад дургүй хүмүүсийн хийчих ажил биш.
- Ярилцлага бол маш том итгэлцэл. Итгэлийг алдаж хулгайд алдсан болохоор би Намбарын Энхбаяр болон түүний гэр бүл, хоёр хөтлөгч болох ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, П.Анужингаас уучлал гуймаар байна. Сэтгүүлзүйн салбарынхны нэр хүндэд ч гэсэн сэв суулгасан болохоор бас уучлалт гуйх нь зүйтэй.
- Эвгүй санагдах зүйл гарсан гэвэл тэр миний л буруу. Найруулагч бүх тавилтыг хийдэг. Хөтлөгч нарт ч би дүр оноодог.
- Би энэ бичлэгийг цацаагүй. Харин алдсан буруугаа хүлээнэ.
- Тухайн хүний сэтгэл рүү орохын тулд би тэдэнтэй хамт байдаг. Би нэвтрүүлэгтээ орсон бүх хүнд хайртай.
- Хэзээ хулгайлсныг нь би мэдэхгүй.
- Нэг сенсаацийг нөгөө сенсаацаар дарна гэж юу байсан юм бэ. Сэтгүүлзүйн салбар, нийгэмд өдөр бүр сенсааци гардаг шүү дээ.
- Хар материалыг хулгайлан авч, ёсзүйгүйгээр тарааж байгаа тэр хүн л хамгийн бүдүүлэг байгаа юм.
- УИХ-ын гишүүн Х.Баттулга бид хоёрын үнэт зүйл нийцдэг. Бид хар багын найзууд, ахан дүүс. Гэхдээ тэр хүнийг ямар нэгэн өндөр өндөрлөгт хүрлээ гэхэд би дэргэд нь байхгүй.
- Би улс төрч биш, улс төрийн салбар руу орохгүй. Би эндээ л байна. Тэгэхээр би өөрийнхөө замыг боомилохгүй.
- Би Монгол бахархалыг бий болгох гэсэн л юм.
- Тус тусдаа фолдерт хадгалж байсан материалыг 2-3 төрлийн өөр мэргэжилтэй хүмүүс хамтран авсан байх. Нарийн хуулагдсан байгаа.
- С.Зориг агсны баримтат киноны ажил зогссон. Сканнердсан материалууд нь харданд байсан. Одоо байхгүй болсон.
- Би Цолмон гэж хүний талд байгаа. Тэр хүн сайхан цагт хамт байгаад маш бусармагаар явж одсон хүмүүсийг харж, хэцүү бэрхийг давж байгаа.