БСШУЯ-наас санаачлан “Боловсролын чанарын шинэчлэл” хөтөлбөр хэрэгжүүлж буй. Өнөөдөр анхан шатанд шалгарсан 200 дунд сургуулийн бичсэн төсөлд урамшуулал болгон тус бүр 3000 ам.долларын тэтгэлгийг гардууллаа.
Энэ үеэр БСШУЯ-ны сайд Л.Гантөмөр хэлэхдээ "Энэ төсөл Дэлхийн банкны Хөгжлийн Ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа бөгөөд 30 сая ам.доллар буюу 60 тэрбум төгрөгийн зардал гарахаар тооцоолсон. Сургууль бүрт, хичээлийн танхим бүрт цөм хөтөлбөрийн хэрэгжилт ид өрнөж байгаа үед хүүхэд нэг бүрийн хөгжлийг цогцоор дэмжих шинэ төслийн санааг дэвшүүлэн, судалгаа хийж хэрэгцээ, хүрэх үр дүнгээ тодорхойлж өөрсдөө бие даан хэрэгжүүлэх сургуулийн тэтгэлэг хөтөлбөрийг хэрэгжүүлж буй нь сургуулийн бие даасан байдал, сургуулийн хөгжилд ихээхэн тус нэмэр болно гэж төлөвлөж бид энэ ажлыг хийж байна. Энэ хөтөлбөр нь бага боловсролын эх хэл, математик, байгалийн ухааны сургалтыг дэмжих, олон улсын түвшинд ихээхэн ач холбогдол өгч буй STEM боловсролыг хөгжүүлэх, чанарын үнэлгээний тогтолцоог бүрдүүлж үр дүнд хүргэх зорилготой" гэв.
Мөн энэ үеэр Төслийн захирал бөгөөд БСШУЯ-ны СБТГ-ын дарга Б.Насанбаяр “Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн ач холбогдол үр дүн” сэдвээр илтгэл тавьсан юм.
СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ хөтөлбөр гурван үе шаттай хэрэгжих ба төрийн өмчийн 635 ерөнхий боловсролын сургууль бүр оролцох юм байна.
Нэгдүгээр шатны төслийн сонгон шалгаруулалтад 400 сургуулийн төслийн санал ирснээс 200 сургуулийн бичсэн төсөл нь шилдгээр шалгарч тус бүр 3,000 ам доллар буюу 6 сая төгрөг нийт 1 тэрбум 200 сая төгрөгийн тэтгэлэг гардаж аваад байна.