Өнгөрөгч баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн найруулгыг сонслоо.
Ингэснээр тус хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэж буй зарим иргэн Цэцэд хандах боломж бүрдлээ.
УИХ-д бие дааж сонгогдсон гишүүд болох Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар Сонгуулийн хуулийн зарим заалтыг үндэслэн Цэцэд хандахаа мэдэгдээд буй бөгөөд тус хуулийн эцсийн найруулгыг сонсож, ёсчлохыг л хүлээж байсан юм.
Мөн энэ өдөр Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх байсан ч санаачлагчид нь буцаалаа.
Учир нь энэ оны эхнээс хэрэгжиж буй Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулиар урт хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн бодлогоос бусад төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг Засгийн газар баталж байхаар зохицуулсан юм.
Үүнээс гадна Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн, эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлтийг хэлэлцэв.
Цэцийн дунд суудлын хуралдаанаас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43.3.8, 44.3.7 дахь заалт Үндсэн хуулийн 14.1, 16.14, 50.1.2 дахь заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн юм. Уг дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо хэлэлцэн, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна.
Тус хуралдаанд Хууль зүйн байнгын хорооны дарга болон дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон гишүүн О.Баасанхүү нар байгаагүй.
Нөгөө талаас УИХ-аар хэлэлцэж буй Үндсэн хуулийн цэцийн болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг баталсны дараа хэлэлцэх шаардлагатай гэх үндэслэлээр дээрх дүгнэлтийг хэлэлцэхийг түр хойшлуулав.
Б.УРАН