Өмнөговь аймгийн Ханбогд сум Өсвөр үеийн эрүүл мэндийн төвтэй болж, нээлтэд нь ЭМСС-ын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар оролцжээ. НҮБ-ын Хүн амын сангийн Залуучуудын төслийн тусламжтайгаар байгуулсан дээрх төвд өсвөр үеийнхнийг сургагч багшаар бэлтгэн, тэднээр дамжуулан үе тэнгийнхэнд нь эрүүл мэндийн боловсрол олгох зөвлөгөө, сургалт, сурталчилгаа явуулах аж.
Засгийн газар хүүхэд, залуучуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, зорилтот бүлгийн иргэдийг онцгой анхаарах зорилт тавьсан. Энэ хүрээнд өнгөрсөн онд тус аймгийн Цогтцэций суманд Өсвөр үеийн эрүүл мэндийн төв байгуулсан юм. Манай улсын хүн амын 38 хувь нь хүүхэд, залуучууд, тэдний тэн хагас нь өсвөр насныхан байдаг. Бие бялдрын хувьд харьцангуй эрүүл хэмээгддэг ч сэтгэл санаа нь тогтворгүй байдгийг салбарынхан хэлдэг. Тиймээс манай улс сүүлийн 15 жилд 20 аймаг, зургаан дүүрэгт ийм төв нээн ажиллуулж байгаа аж.
Дашрамд дурдахад, Өмнөговь аймгийн өвөлжилт нэлээд хүндрээд буй Мандал-Овоо суманд түргэн тусламжийн “Ниссан” маркийн автомашин өгсөн бол Номгон сумын Хүн эмнэлэгт “УАЗ 469” машин, Баян-Овоо сумын Эрүүл мэндийн төвд төрөхийн ор, нярайн дулаан ширээ олгохоор болжээ.