Өршөөлөөр суллагдсан эр Сэлэнгэ аймгийн Мандал суманд цагдаагийн албан хаагчийг буудахыг завдсан хэрэг он солигдохын өмнөхөн гарчээ. Тэрбээр өнгөрсөн сарын 31-нд хамтран амьдрагч эмэгтэйдээ агсам тавьж, толгой руу нь данхаар дэлссэн аж.
Тиймээс хохирогч эмэгтэй цагдаад дуудлага өгсөн юм байна. Гэтэл сэжигтэн О цагдаагийн тавьсан шаардлагыг эсэргүүцээд зогсохгүй, гэрт байсан СКС маркийн бууг цэнэглэн цагдааг хөнөөнө хэмээн заналхийлж, танхайрчээ.
Түүнд өдгөө Эрүүгийн хуулийн 181.3, 230.1-д заасан зэвсэг хэрэглэж танхайрсан, төрийн төлөөлөгчийг эсэргүүцсэн хэмээн эрүү үүсгэн шалгаж байгаа юм байна.
Сэжигтэн О нь 2013 оны арванхоёрдугаар сарын 9-нд Сэлэнгэ аймгийн Сум дундын хоёрдугаар шүүхээс удаа дараа зэвсгийн чанартай зүйл ашиглан, бүлэглэн танхайрсан гэсэн үндэслэлээр гурван жил хоёр сар хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 5-нд Өршөөл үзүүлэх хуулийн үйлчлэлд хамрагдан суллагдсан хүн гэнэ.
Г.РАВЖАА