Архангай аймгийн Өндөр-Улаан улсын хэмжээнд хамгийн олон үхэртэй сумаар сүүлийн 14 жил дараалан шалгараад буй. Дээр үеэсээ үхэр сүрэг голлон өсгөж, үржүүлж ирсэн тус сумынхны цагаан идээ боловсруулах арга технологи, ур чадвар хаана ч гайхагддаг. Тэгвэл өнгөрсөн жил тэдний тавгийн идээ бэлтгэх арга технологийг Оюуны өмчийн газраас албан ёсоор патентжуулжээ. Тавгийн идээ засахад зориулан, түүхий сүүний бяслагтай ааруул хийх аргыг Оюуны өмчийн газрын даргын 64 тоот тушаалаар 2408 дугаартай гэрчилгээ бүхий Ашигтай загвараар баталгаажуулсан байна. Зохиогч Өндөр-Улаан сумын малчин Д.Эрдэнэбат, С.Жаргалбаяр, Т.Дэлгэрмөнх нарт энэхүү загварыг өмчлөх онцгой эрхийг долоон жилийн хугацаатай олгожээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл ахуй, химийн хор судлалын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тавгийн идээний ааруулыг 20.6 хувийн тослогтой, 17.8 хувийн чийглэгтэй, гаднын механик хольцгүй гэж дүгнэсэн байна. Цагаан идээ боловсруулах аргыг Оюуны өмчийн газраар баталгаажуулсан тохиолдол тун цөөн байдаг аж. Өндөр-Улаан сумын удирдлага, малчин ард жил гаруй хугацаанд уйгагүй хөөцөлдсөний үр дүнд энэхүү онцгой эрхийг авч чаджээ. Дашрамд дурдахад, энэ жилийн Цагаан сараар төрийн золгоход хэрэглэх хүндэтгэлийн тавгийн идээг тус сумынхнаар бэлтгүүлэх захиалга өгсөн байна.