Ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ой энэ өдрүүдэд тохиож буй. Өчигдөр Үндсэн хуулийн уг эхийг Төрийн түүхийн музейд гурав дахь жилдээ залав.
Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийн цорын ганц уг эхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан өрөөнд хадгалдаг.
Төрийн хамгаалалтад байдаг уг эхийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн хэмжээг зохион байгуулах комиссын дарга, УИХ-ын Тамгын газрын Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтсийн дарга Н.Ширэндэв нар хүндэтгэлтэйгээр залсан юм.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан энэ удаагийн ёслолд ардчилсан Үндсэн хуулийг батлалцсан Ардын их хурлын депутат, Улсын бага хурлын гишүүдийн төлөөлөл оролцож буй нь онцлог болохыг тэмдэглэв.
Мөн тэрбээр “Өнгөрсөн 25 жилд гарсан улс төр, нийгмийн өөрчлөлт, хөгжил цэцэглэлт нь шинэ Үндсэн хуулийн үзэл санаа зөв байсны илэрхийлэл юм” гэв.
Ингэснээр өчигдрөөс эхлэн тав хоногийн турш Төрийн түүхийн музейд байх Үндсэн хуулийн уг эхийг иргэд, олон нийт үзэж танилцах боломж бүрдэж буй.
Мөн энэ өдөр Үндсэн хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх, үзэл санааг нь түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, түүнийг сахин хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Үндсэн хуулийн цэцийн даргын нэрэмжит шагналыг Цэцийн орлогч дарга, гавьяат хуульч, доктор, профессор Н.Жанцанд олгов. Тус шагналыг жил бүр олгодог уламжлалтай.
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан өчигдөр Цэцээс зохион байгуулсан хүндэтгэлийн арга хэмжээний үеэр “Хууль зүйн салбарын оны нөлөө бүхий эрдэмтэн” шагналын эзнийг анх удаа тодруулсан юм.
Энэ жил уг шагналыг гавьяат хуульч, академич С.Нарангэрэлд олголоо. Үндсэн хуульт ёсыг бэхжүүлэх, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж, хууль дээдлэх зарчмыг чандлан сахиулах, хүний эрхийг хамгаалахад идэвх зүтгэлтэй, үр бүтээлтэй ажилласан эрдэмтэнд олгох уг шагналыг Үндсэн хуулийн цэцийн судалгааны төв, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Харьцуулсан эрх зүй, олон улсын эрх зүйн судалгааны төв, Хууль зүйн академи зэрэг байгууллага хамтран олгож буй юм байна.
Мөн жил бүр зохион байгуулдаг Үндсэн хуулийн цэцийн даргын нэрэмжит Үндсэн хуулийн эрх зүйн сэдэвт уралдаанд шалгарсан илтгэлийг сонслоо.
Энэ жил нийт 22 оролцогч бүтээлээ ирүүлснээс тэргүүн байранд “Отгонтэнгэр” их сургуулийн багш Р.Очирбал “Ерөнхийлөгчийн хориг” сэдэвт илтгэлээр шалгарчээ.
Дэд байрт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Японы эрх зүйн III дамжааны оюутан Л.Амгаланбаатар “Үндсэн хуульд харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичиг”, удаах байрт Хууль зүйн туслалцааны төвийн Налайх дүүрэг дэх салбарын өмгөөлөгчийн туслах Б.Чулуунгэрэл “Үндсэн хуулиас хариуцлагыг эрэхүй” сэдэвт илтгэлээр тус тус шалгарсан байна.
Б.НОМИН