Дэлхий дахинд 2010 он хүртэл өлөнгөөр хийсэн мэс заслын утас ашиглаж байсан ч нано бүтэц, шарх үрэвсүүлэх шинж чанараас нь болоод татгалзах болсон. Тэгвэл манай монгол эрдэмтэн цэвэр байгалийн гаралтай утас бий болгосон юм.
Үхрийн шөрмөсөөр хийсэн уг утас хүний биед нийлэмжтэй, эмчилгээний өндөр үр дүнтэй болохыг олон улсад таниулж чадсан байна. ШУТИС-ийн профессор С.Төгс “Мэс заслын зориулалттай шөрмөсөн утас-экологийн бүтээгдэхүүн” нэрт бүтээлээ Дэлхийн болон Монгол, БНСУ-ын Оюуны өмчийн байгууллагаар баталгаажуулсан бөгөөд цаашид үйлдвэрлэх бүрэн бололцоотой гэж Дэлхийн оюуны өмчийн байгууллага дүгнээд алтан медаль, мөнгөөр шагнажээ.
Тэрбээр “Монголчууд эртнээс малын гаралтай түүхий эдээ боловсруулж, амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн. Үүнийгээ хөгжүүлэх л шаардлагатай байгаа. Миний аав шинжлэх ухааны гавьяат, доктор профессор хүн байдаг.
Үхрийн шөрмөсөөр мэс заслын шарх оёх утас хийх санааг тэрбээр хэлж өгсөн л дөө. Эмчилгээний 100 хувийн үр дүнтэй гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн. Нэг удаагийн зүү, сав, баглаа, боодол нь ямар байх вэ гээд бүх судалгаагаа хийж дууссан.
Ариутгалын хамгийн сайн төхөөрөмжүүдийг ч гадаадаас оруулж ирсэн. Одоо туршилт үргэлжилж, илүү боловсронгуй болгохоор ажиллаж байна” гэж ярилаа.
О.УНДРАХ