Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд ойрын үед хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэг өдөрт 1-2-ыг хэлэлцэн шийдвэрлэж байна. Өчигдөр л гэхэд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд мансууруулах төрлийн ургамал болох каннабис хууль бусаар олж авч хэрэглэсэн гэх хоёр хэргийг хэлэлцлээ.
Тус шүүх А.Дөлгөөнхэрлэнд холбогдох хэргийг хэлэлцээд гурван сар тав хоног баривчлах ял шийтгэсэн бол Б.Тогоонтөмөрт холбогдох хэргийн шүүх хурлыг өмгөөлөгчдийнх нь хүсэлтээр хойшлуулсан байна.
Харин Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Х.Ермек, Э.Агар, Б.Явуухулан, Э.Уянга, И.Гомбо-Очир, Б.Энхболд нарт холбогдох хилээр “мөс” оруулж ирэн борлуулдаг байсан хэргийг хэлэлцлээ.
2014 оноос хойш цагдаагийн байгууллагад шалгасан уг хэргийг өнгөрсөн оны аравдугаар сард яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн бөгөөд Х.Ермек нь их хэмжээний мансууруулах бодис хилээр оруулж ирдэг байсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон гэнэ.
Уг хэргийг хэлэлцэхээр шүүх удаа дараа хурлын тов зарласан ч шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нараас шалтгаалан хойшилсоор байгаа юм. Өчигдөр л гэхэд шүүгдэгч И.Гомбо-Очир хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд ирээгүйгээс шүүх бүрэлдэхүүн хурлыг баасан гариг хүртэл хойшлуулсан байна.
Шүүгдэгч И.Гомбо-Очир нь хууль бусаар мансууруулах бодис олж авсан хэрэгт холбогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн 192.1-д зааснаар түүнд яллах дүгнэлт үйлдсэн аж. Шүүх уг зүйл заалтад заасан хэрэгт холбогдсон сэжигтнүүдийг хорьдоггүйгээс хар тамхи олж авч хэрэглэдэг нөхөд давран дахин гэмт хэрэг үйлдэх, шүүх, хууль хяналтын байгууллагыг үл хүндэтгэх байдал удаа дараа гарч байгаа юм.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долоо хоногт хар тамхи хэрэглэгч, борлуулагчдын дунд “Мөсний хатан хаан” гэдэг хочоор алдаршсан С.Баярмаа, түүний барааг нийлүүлэгч Х.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох хэргийг шийдвэрлэжээ.
Х.Мөнх-Эрдэнэ нь есөн удаа нэг кг орчим “мөс” хилээр оруулж ирсэн нь тогтоогдсон бөгөөд түүнд холбогдох үйлдэл нь Өршөөлийн хуульд хамрагдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Гэхдээ түүнд шүүх хоёр жил хорих ял шийтгэжээ.
Тэрбээр тэнсэн харгалзах ялтай байх хугацаандаа давтан гэмт хэрэг үйлдсэн нь хорих ял шийтгэх үндэслэл болсон гэнэ. Харин мансууруулах бодис удаа дараа олж авч борлуулсан хэрэгт нь С.Баярмаад 10 жил хорих ял оноосон байна.
Г.РАВЖАА