Эмч нарын буруугаас болж эх, нярай эндлээ, иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирлоо гэх мэдээлэл гардаг. Тэдний нэг нь А (өөрийнх нь хүсэлтээр нэрийг нь бичсэнгүй). Тэрбээр буруу онош гаргасан эмч нараас болоод өвчиндөө шаналан, эдүгээ нөгөө ертөнцийн хаалга татах өдрөө хүлээж буй.
Тэрбээр анх сүрьеэ өвчтэй гэх оноштойгоор ХӨСҮТ-д хэвтжээ. Эмчилгээ хийлгээд өвчин нь улам сэдэрч, алхаж чадахаа больсон хойноо Бээжин хотод очиж, шинжилгээ өгөөд уушгины хорт хавдартай гэдгээ мэдсэн байна.
Эх сурвалж бидэнд А-тай ижил сүрьеэ, уушгины хавдар хоёрыг ялгаагүйгээс болж цаг алдан, нас барсан тохиолдол манай улсад хэд хэд гарсныг хэлсэн юм.
Харин энэ талаар ХӨСҮТ-ийн Сургалт, хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Уртнасан “Сүрьеэ, уушгины хавдрыг нарийвчилсан шинжилгээ хийж ялгаж оношилдог.
Манай эмнэлэг өвчтөн сүрьеэгүй байвал хавдартай байж магадгүй гээд Хавдар судлалын үндэсний төв рүү явахыг зөвлөдөг. Ингэхдээ авсан шинжилгээнүүдээ өвчний түүх дээр нь бичиж явуулдаг” гэсэн юм. Ингээд А-тай ярилцсанаа хүргэе.
-Та хэзээ эмнэлэгт хандсан юм бэ. Тухайн үед эмч нар ямар учраас буруу онош гаргасан юм бол?
-Анх Эрүүл мэндийн долдугаар төвд үзүүлээд, сүрьеэ өвчтэй гэсэн оноштойгоор 2014 оны нэгдүгээр сарын 27-нд ХӨСҮТ-д очсон. Ингээд тус эмнэлэгт 17 хоног эмчилгээ хийлгэсэн. Тухайн үед шинжилгээний хариу сүрьеэгүй гэж гарсан.
Гэтэл эмч нар “Халдваргүй хэлбэрийн сүрьеэ байдаг” гээд эмчилгээг үргэлжлүүлсэн. Ингэж буруу эмчилгээ хийснээс болоод зовиургүй байсан өвчин маань улам хүндэрсэн. Өгсөн эмийг нь уухаар амьсгалж, унтаж чадахгүй болсон.
Жижүүрийн эмч нарт нь зовиураа хэлж үзүүлэхээр “Зүгээр байна. Сүрьеэ удаан эдгэдэг юм. Эмээ сайн уух ёстой” гэдэг байсан. Ингээд л эмчилгээ дууссан гээд эмнэлгээс гаргасан. Хэдийгээр эмчилгээ хийлгэсэн ч зовиуртай байсан болохоор уушгины зураг авахуулсан юм.
Тэр зургаар уушгинд ямар ч шимэгдэлт яваагүй, эмнэлэгт анх очсон үеийнх шигээ л байсан. Тухайн үед ч эмч нар “Эмээ 56 хоног ууж байж л үр дүн гарна” гэж хэлсэн. Ингээд Эрүүл мэндийн долдугаар төв рүү буцаагаад шилжүүлсэн. Сүрьеэгийн эмчилгээ хийлгэхийн өмнө авахуулсан зураг, эмчилгээний дараах зурагтайгаа ижил гарсан.
Тэр үед ч эмч нар хэлдгээ л хэлж байсан. Эмчилгээ хийлгээд улам зовиуртай болж байна гэдгээ хэлсээр байтал нэг ч эмч намайг тоогоогүй. Арга ядаад би өөрөө Хавдар судлалын үндэсний төвд хандсан, хавдар байж магадгүй гэж таамаглаад.
Гэтэл тус эмнэлэг “20 граммын тариур хоёрыг аваад ир. Эрэгтэй эмч ирэхээр шинжилгээ авна” гээд намайг гурав хоног өрөө дамжуулан, дагуулж явсан. Гурав хоногийн дараа шинжилгээ авах гэснээ “Далны яс чинь хагарчихсан байна. Шинжилгээ авч чадахгүй” гэсэн хариу өгсөн.
Ингээд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цөмийн физикийн тасагт очиж эсийн шинжилгээ өгөхийг зөвлөсөн. Гэвч тэр тасагт нь шинжилгээ авахад ашигладаг бодис нь байхгүй байсан.
Ингэж олон эмнэлэг дамжиж, хугацаа алдаад би явж чадахаа больсон. Ингээд л Бээжинд очиж шинжилгээ өгсөн юм.
-Бээжинд олон шинжилгээ өгсөн үү?
-Хятадын эмч нар миний уушгины зургийг хараад л хорт хавдар гэдгийг нь мэдсэн. Манайх шиг өвчтэй уушгинаас шинжилгээ авдаггүй юм билээ. Эсрэг талынх нь уушгинаас л шинжилгээ авчихсан.
Өвдсөн даруйдаа л Бээжинд очсон бол би арай ч ийм болохгүй байсан юм билээ. Тэндхийн эмч нарын хэлж буйгаар бол уушгины хавдрыг шимэгдүүлээд, үлдэгдлийг нь хагалгаа хийж авах боломж байсан гэсэн.
Нэгэнт хагалгаа хийх боломжгүй болсон учир туяаны эмчилгээ хийлгэж, эм ууж байгаа. Хятадын жижиг тосгоны эмч нар ч хорт хавдрыг ингэж сүрьеэтэй андуурдаггүй гэж байсан.
-Шүүхэд хандсан гэсэн. Шүүх ямар шийдвэр гаргав?
-Хятадад эмчилгээ хийлгэж ирээд Эрүүл мэнд, спортын яаманд гомдол гаргасан боловч огт тоогоогүй. Н.Удвал сайдыг яам толгойлж байхад хандсан ч шийдээгүй. Дараа нь хөөгдөж байж Г.Шийлэгдамба сайдтай уулзсан.
Улсын эрүүл мэндийн салбарыг хариуцаж буй хүн байж хүний урманд “Эмнэлгүүдэд шалгалт оруулъя” ч гэж хэлээгүй. “Өөрийн чинь асуудлыг шийдэх боломжгүй” гэсэн.
Дараа нь шүүхэд хандсан ч шүүх миний нэхэмжилсэн мөнгийг бүрэн барагдуулах шийдвэр гаргаагүй. Гурван эмнэлгийн өмгөөлөгч намайг тэр эмийг заавал уух шаардлагагүй гэж үзсэн. Би Хятадад их зардал гаргаж байж эмчлүүлсэн.
Дээрээс нь сар тутам 3.5 сая төгрөгийн үнэтэй эм ууж байна. Тэр эмийг тасралтгүй арван сар уу гэсэн боловч надад тийм боломж байхгүй. 30 гаруй сая төгрөгөөр эм худалдан авсан баримт минь ч бий.
-Буруу онош гаргасан эмч нар юу гэж байх юм?
-Хавдар судлалын эмч нар тариураар шинжилгээ авах гэж байснаа “Тухайн үед шинжилгээ авдаг эмч маань байгаагүй. Тиймээс өөрөө шинжилгээ авах гэж байсан юм” гэж тайлбарласан.
Харин ХӨСҮТ-ийн чанарын менежер Сүрэнхорлоо гэдэг хүн намайг дуудаад “Уушгины хавдрыг сүрьеэ гэж андуурах тохиолдол манайд гарч байгаа. Энэ хоёр өвчнийг ялгаж чадахгүй байна. Надад зургаа өгөөч. Бид эмч нараа сургая” гэж хэлсэн.
Ингэж буруу онош гаргуулж, амиараа хохирсон хүн ганц би биш гэдгийг энэ эмч хэлсэн. Зурагтаар ч Сүхээ гэдэг эмчийг хавдар, сүрьеэ хоёрыг ялгадаггүй тухай гарсан байсан.
-Одоо танд ямар зовиур мэдэгдэж байгаа вэ?
-Уушгины хавдар богино хугацаанд тархинд нөлөөлдөг юм байна. Эмээ авч чадахгүй байгаа учраас их өвдөж байгаа. Эмээ тасалж байгаад саяхан л туяаны эмчилгээ хийлгэсэн.
Өчигдөр би Эрүүл мэнд, спортын яаманд дахин хандсан. Миний ууж буй эмийг Хятад улс иргэддээ арваннэг дэх сараас нь эхлэн үнэгүй өгдөг юм билээ. Тиймээс хоёр улсын хоорондын харилцаагаараа дамжуулаад авч өгч туслаач л гэж хүссэн өргөдлөө өглөө. Би нэг сар ч амьдарч магадгүй.
Хавдар бүх биеэр минь тарсан учраас даруйхан л эмээ уумаар байна. Хэдийгээр би насгүй болсон ч салбарын яам эмч нараа мэргэшүүлж, дахиад олон хүнийг над шиг хохироох вий гэхээс сэргийлээсэй гэдгийг танай сониноор дамжуулж уламжилмаар байна.
Г.ЦЭЦЭГ