Дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг ачиж журамлах нийслэлийн ИТХ-ын шинэ тогтоол мөрдөгдөж эхлээд зургаа хонож байна. Өчигдөр оройны байдлаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн эрх бүхий 12 машинаар нийтдээ 30-аад тээврийн хэрэгслийг ачиж журамлажээ. Энэ бол өмнөхөө бодвол харьцангуй бага үзүүлэлт гэнэ. Шинэ оны эхний өдрүүдэд баярлаад явж байгаа хүмүүсийг юу юугүй явгалаад яах вэ гээд зөвшөөрөлгүй гудамж, талбайд тээврийн хэрэгслээ байрлуулсан “том толгойтой” жолооч нарын машиныг ачаагүй гэсэн л дээ. Гэхдээ л гурав хоногт ердөө 30 тээврийн хэрэгсэл ачсан энэхүү рекорд нь манайхны хүмүүжилтэйнх бус, харин шинэ журмын өгөөж юм билээ. Урьд нь зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг компаниуд өөрсдийн дураар “ангуучилж”, эзэнд нь хэл үг ч дуулгахгүй ачаад явчихдаг байсан бол одоо бүх зүйл төрийн байгууллагын хяналтад оржээ.
“Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар 443 мянга гаруй тээврийн хэрэгсэл нийслэлд байна. Тээврийн хэрэгсэл өдөр хоногоор нэмэгдэхийн хэрээр замын түгжрэл, хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой зөрчил, гомдол ч иргэдээс маш их ирэх болсон. Тиймээс энэ мэт зохицуулалт хийх шаардлага зайлшгүй байгаа. Гэхдээ урьд нь тээврийн хэрэгслүүдийг хаа хамаагүй газраас ачдаг байсныг одоо болиулж, хамгийн их түгжрэл үүсдэг 73 гудамжийг сонгосон. Түүнчлэн сонгон шалгаруулалтаар шалгарсан, бидэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан компаниуд зөвхөн эрх бүхий байгууллагын ажилтны зөвшөөрлөөр л ачдаг болж байгаа. Хамгийн гол нь манай жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ зөрчихгүй бол заавал ачиж журамлах шаардлага байхгүй” хэмээн нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр хэлсэн.
Зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ буюу зогсоолгүй газар, бусдын хөдөлгөөнд саад учруулахуйцаар байрлуулсан тээврийн хэрэгслийг 08.00-20.00 цагийн хооронд зөөж, шилжүүлнэ. Ингэхдээ мотоциклийг 30, суудлын автомашин, микро автобус болон 3.5 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин, автобусыг 60, 3.5 тонноос дээш жинтэй том оврын тээврийн хэрэгслийг 90 мянган төгрөгөөр ачиж буй. Харин саатуулах байрны төлбөр 3-20 мянган төгрөг байх юм. Гэхдээ иргэдийн машиныг ачих, үгүйг захын нэг компани биш, замын цагдаагийн байцаагч шийднэ. Замын хөдөлгөөний удирдлагын төв Замын цагдаагийн газартай хамтран ажиллаж, хаана, ямар тээврийн хэрэгсэл хэр удаан зогссоныг хяналтын камераар тольдон, дүрэм зөрчсөнийг нь тэр хавийн байцаагчид мэдэгдэх аж. Замын цагдаагийн байцаагч газар дээр нь очиж шалган, тухайн тээврийн хэрэгсэл үнэхээр дүрэм зөрчсөн үгүйг нь тогтоосны дараа ачилтын компанийн зориулалтын машиныг дуудах юм байна. Гэхдээ сургууль, цэцэрлэг, эмнэлгийн гадаа 30 минут хүртэлх хугацаагаар тээврийн хэрэгслээ тавихыг журмаар зөвшөөрсөн байгаа. Тэгэхээр урьдынх шиг өлгийтэй хүүхэдтэй нь, эсвэл яаралтай тусламж авах гээд эмнэлэгт байх хооронд машиныг нь ачаад явчихна гэсэн ойлголт байхгүй болсон гэсэн үг. Дүрэм журмыг сахиж мөрдөхдөө тун хойрго манай монголчуудын хувьд бас нэг баярлууштай юм нь тээврийн хэрэгслээ ачууллаа гэхэд 24 цагийн дотор буцааж авбал түр саатуулах байрны мөнгө төлөхөөргүй болжээ. Уг нь энэ бол баярлаад байх зүйл биш л дээ. Бид л заавал дүрэм зөрчих ёстой юм шиг аашилж, зөвшөөрөлгүй газарт машинаа байрлуулчихаад ачуулахгүй гэж зүтгэж, эцэст нь ачуулсан мөнгөө хаашаа ордгийг байцаан шалгааж хамаг нервээ бардаг болохоор үүнд ихээхэн ач холбогдол өгдөг. Ямартай ч хайнга, хэнэггүй, дуулгаваргүй монгол жолооч нарт тун өршөөнгүй шинэ журам хэрэгжиж эхэллээ. Одоо хайр даах л хэрэгтэй.
Өршөөлийн хуулийн ачаар өнгөрсөн намар 82 мянган жолооч эрхээ сэргээлгэсэн гэхээр манайхан ямар их зөрчил гаргадаг нь илт. Тэгэхээр “Илжиг модон хударгандаа” гэдэгчлэн торгуулиа төлөөд байхаас өөр яах вэ. Ингэхэд нээрээ бидний торгуулийн мөнгө хаашаа ордог юм бол. Өнгөрсөн хоёр жилд дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг ачиж журамладаг байсан 14 компанитай одоо хамтран ажиллахгүй байгаа юм билээ. Шинээр сонгон шалгаруулалт зарлаж, компаниуд сонгогдох хүртэл төрийн мэдлийн машинууд энэхүү даалгаврыг гүйцэтгэж буй. Тиймээс одоохондоо торгуулийн мөнгө нийслэлд орж байгаа гэсэн үг. Харин цаашид компаниудын дансанд орох юм байна. Уг нь нийслэл 25 хувийг нь авч, зогсоол байгуулахад зарцуулъя гэсэн ч ИТХ-ын төлөөлөгчид дэмжээгүй гэж байна. Заавал хувийн компаниудад тэр мөнгийг өгөх гээд байдаг нь хачин юм аа.