Томуугийн А хүрээний H1N1 вирусийн халдвар авсан хүн нас баржээ. Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн иргэн, 27 настай А энэ сарын 5-нд сумынхаа эмнэлэгт нярайлж, хоёр ихэр хүүхэд төрүүлсэн байна.
Гэсэн ч түүний өвчин зовиур арилалгүй, шээс нь хаагдан, өндөр халуурч, бие нь муудсан аж. Сумын эмч түүнд уушгины хүнд хатгалгаа туссан гэсэн онош тавиад аймгийнхаа Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Зоонозын өвчин судлалын төв, Улсын I төв эмнэлэг, ХӨСҮТ-д мэдэгдэж, эх, хүүхдүүдийн хамраас арчдасын шинжилгээ аваад шинжлүүлэхэд хариу нь энэ сарын 7-нд гарч H1N1 илэрчээ.
Гэсэн ч уг эх олон эрхтэний болон амьсгалын дутагдлаар энэ сарын 9-нд нас барсан байна. Хоёр ихэр хүүхдэд нь ч H1N1 вирус илэрсэн тул яаралтай эмчилгээ хийснээр биеийн байдал нь дээрджээ.
Томуугийн вирус дундаа А хүрээнийх нь хүнийг илүү хүндээр өвчлүүлж, аминд нь хурдан хүрдэг. H1N1 туссан хүн өндөр халуурах, ханиалгах, толгой, үе мөч, булчин, хоолой өвдөх, нус гоожих, заримдаа бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрдэг.
Тав хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, 65-аас дээш насныхныг богино хугацаанд түргэн өвчлүүлдэг. Ялангуяа жирэмсэн эмэгтэйд гурав дахин хүнд тусдаг аж.
Х.ЭРХЭМ