Сонгогчдын боловсрол, тэдний хариуцлага, улс төрийн мэдлэгийг дээшлүүлье зэргээр одоо олон юм ярихаа больё, яршиг. Энэ жилийн сонгуулиар ердөө ёс зүйтэй хүмүүсийг л сонгоё. Ингэвэл их олон зүйл өөрчлөгдөж, зүг чигээ олно доо, уг нь.
Хүний амьдралд уйлах зуун шалтаг байвч инээх мянган шалтгаан бий гэлцдэг. Тийм ээ, амьдрах сайхан. Монгол минь дэндүү сайхан. Өөдлөн дэвжиж буй олон зүйл энд, эх оронд минь бий.
Гэвч ардчиллыг баалж, арай өөр зүйл хүсэмжлэх мэт, бүдэрч унахдаа хүртэл бусдыг, бүр тодруулбал, төр засгаа буруутган чичилж, шийдвэр гаргагчдыг үл хүндэтгэх төдийгүй үзэн ядсан өнгө аяс илт мэдрэгдэх болсоор өнөөдөр энгийн зүйл аятай ээнэгшжээ, бидэнд. Уг нь бид чинь уулга алдахдаа хүртэл “Төрийн сүлд минь өршөө” хэмээдэг ард түмэн сэн.
Харамсалтай нь энэ цаг үеийн нийгэм, эдийн засгийн хямрал, доройтол, ер нь болж, бүтэхгүй бүхнийг төр засаг, шийдвэр гаргагчдад нааж, яллах гэсэн санаархал, нууцхан гуниг, гутранги хандлагыг таксины жолоочийн ярианаас ч түвэггүйхэн мэдэрч болно. Үүнийг нь буруутгах аргагүй юм.
Аливаа төр, засгийн гол зорилго нь түмэн олон, иргэдээ л түвшин сайхан амьдруулахад чиглэдэг. Тэрхүү засаг төрийн бодлого, үйл хэргийг хувь хүмүүс хэрэгжүүлж, залгамжилдаг.
Тэднийг бид улстөрч, удирдагч хэмээн онцолдог. Ер нь ямар ч үйл хэрэгт хувь хүн оролцож л байгаа бол түүний мөн чанараар тэрхүү ажил гүйцэлддэг, үр дүн нь гардагтай маргах хүн үгүй биз.
Нэгэнт монголчууд бүгдээрээ “гар газар, хөл хөсөр”, төр гэж байдаг, эсэхийг ч үл анзааран, амар жаргалтай амьдарч чадахгүй буйгаас хойно улстөрчдийг буруутгахаас яах билээ. Ингэхдээ улстөрчид мэдлэг, чадвар дутуу гэхээсээ ёс зүйгүй аашилсны балгийг бид амсаж байгаа нь эмгэнэл.
Үнэндээ Монголын гэх ардчилал, төрт ёсыг минь ёс зүйгүй улстөрчид бохирдуулж, сүйрүүлж байна.
Олны ярьдгаар “өнөөх 76”, Ерөнхийлөгч, сайд гээд бодлогын шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй бүхэн бидний удирдагч, улстөрч. Тэднийг нэрийнх эхний үсгийн дарааллаар жагсааж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэгэнт ил болсон ёс зүйгүй үйлдлүүдийн заримаас нь нэрлэхэд л Монголын улс төр хэрхэн бохирдсоныг харж болно (дор нэрлэв).
Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүд нь нэгнийхээ өмнөөс товчлуур дарж, хууль батлахаас авахуулаад эрх мэдлээ ашиглан албан тушаал, давуу байдлыг тойрон хүрээлэгчдэдээ бий болгох байдал Монголын улстөрчдөд нийтлэг байна. Мөн тэдний олонх нь бизнесээс улс төрд хөл тавьсан учир санаатай, санаандгүй шалтгаанаар ашиг сонирхлын зөрчилд орж буй юм.
Сонгогчдын саналыг эд мөнгө, бараа таваараар худалдаж авах гэсэн санаархлаа ч хэдийнэ нуухаа больсон. Гэвч энэ бол бидний сонголтын үр. “Хүн ард ямар байна, төр улс тийм байна” гэж зүгээр ч нэг хэлчихээгүй биз. Тэгэхээр сонголт бидний гарт байна. Бидэнд хүн таних ухаан, уламжлал бий.
Магадгүй эрх мэдэл хүнийг эвддэг байж болох ч эцсийн мөчид шийдвэр гаргахад хувь хүний мөн чанар, суурь хүмүүжил, итгэл үнэмшил, ёс суртахуун нь л дийлдэг. Ёс зүйгээс хүссэн, хүсээгүй хариуцлага ундардаг.
Тэр цагт улстөрчид эрх ашгаа эрэмбэлж, алдаа гаргасан нь ч хариуцлагаа хүлээх чадвартай байдаг. Нөгөө талаас улстөрчдийн ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэх гэсэн олон арга механизмыг дэлхийн улс орнууд хэрэглэдэг.
Тэдгээрийн нэг болох ёс зүйн дүрэм манай УИХ-ын гишүүдэд ч бий. Гэвч нас биед хүрсэн хүнийг хүн болгох хэцүү гэдэгчлэн шийдвэр гаргах түвшинд нэгэнт гараад ирчихсэн ёс зүйгүй улстөрчдийг зохиомол дүрмээр хүмүүжүүлнэ гэдэг тун түвэгтэй, эрсдэлтэй. Тиймээс ёс зүйтэй хүмүүсийг л сонгоё. Тэгж эс чадвал бидний хохь болог.
1. Н.Алтанхуяг (УИХ-ын гишүүн): -Ерөнхий сайд байхдаа хүргэн дүүгээ өндөр албанд томилж, тэр нь эрх мэдлээ ашиглаж эхнэрийнхээ компанид “Эрдэнэс Тавантолгой”-гоос их хэмжээний мөнгө шилжүүлсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт татагдан шалгуулж буй.
2. Д.Арвин, Д.Батцогт, С.Ганбаатар, Ц.Цолмон (УИХ-ын гишүүн): -Өнгөрөгч сонгуулиар МАН-аас сонгогдсон ч УИХ-д орж ирээд АН-д элссэнийх нь төлөө Д.Арвин гишүүнийг Ардын намынхан төдийгүй олон нийт шүүмжилдэг. Ийн урвасан гишүүн энэ УИХ-д ганц биш. МҮАН-аас АН-ынх болсон Д.Батцогт, бие дааж сонгогдчихоод ХҮН-д элссэн С.Ганбаатар, МҮАН-аас МАХН-д шилжсэн Ц.Цолмон нарыг нэрлэж болно. Дашрамд дурдахад, Д.Арвин УИХ-ын гишүүний индрээс “Манай хоёр бүсгүйг Малайзад хөнөөснийг нь хөх тэнгэр шийтгэж, хоёр онгоцных нь бодийг хөтөлсөн” гэж хээв нэг хэлж суусан бол Ц.Цолмон сайдын хувиар гадаадад томилолтоор явахдаа эхнэрээ дагуулж, зардлыг нь төсвөөс гаргасныг эргэн төлүүлэхээр болсон.
3. О.Баасанхүү (УИХ-ын гишүүн): -УИХ-ын хуралдаануудад хамгийн олон бөгөөд удаан үг хэлж, асуулт тавьдаг, идэвхтэй гишүүн. Ингэхдээ бусадтай сөргөлдөж, бүдүүлэг үг хэллэг ашиглан, хэрэлдсэн нь цөөнгүй.
4. Н.Батбаяр, Г.Баярсайхан (УИХ-ын гишүүн): -Жил гаруйн өмнө тэд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд согтуу ирж, даргадаа агсам тавих шахаж байв. Г.Баярсайхан өмнө нь нэгдсэн хуралдааны танхимд гишүүн У.Хүрэлсүх рүү салаавч гарган, зодолдож байсан түүхтэй.
5. Ж.Батзандан (УИХ-ын гишүүн): -2008 оны долдугаар сарын 1-нд жагсаал, цуглааныг оройлон зохион байгуулагч нь тэр байсан. Харамсалтай нь байдал хяналтаас давж, үймээн болж хувирсан.
6. Д.Баттулга (УИХ-ын гишүүн): -“Монголын төмөр зам” компаниар дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт сэжигтнээр татагдаад буй.
7. Д.Бат-Эрдэнэ, Ц.Баярсайхан, Д.Тэрбишдагва (УИХ-ын гишүүн): -...2012 онд Өмнөговь аймагт ажиллахдаа Д.Бат-Эрдэнэ, Ц.Баярсайхан нар харьяалах байгууллагаас томилолтын зардал авсан хэрнээ тус аймгийн нөөц хөрөнгөөс буудал, хоолонд шаардлагатай хэмээн гурван сая, Д.Тэрбишдагва 1.5 сая төгрөг гаргуулжээ. Үүнийг албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ бусдаас шууд болон шууд бусаар бэлэг авахыг хориглосон хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр УИХ-ын Ёс зүйн дэд хороонд шилжүүлэн шалгуулахаар болжээ. (“News week” сонин ¹ 10, news.mn цахим хуудас, 2013 оны тавдугаар сарын 7)
8. Э.Бат-Үүл (Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч): -Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөлд төрсөн хүүгийнхээ компанийг оролцуулсан.
9. З.Баянсэлэнгэ (УИХ-ын гишүүн): -...АТГ-аас гишүүн З.Баянсэлэнгийг ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэлээр УИХ-ын Ёс зүйн дэд хороонд ханджээ. Эрхэм гишүүн Хүүхдийн төлөө газрын ажилтан Б.Жавзанхүүтэй хамт “Өгөөмөр” хүүхдийн асрамжийн төвд очиж, тусгай зөвшөөрлийг нь хураан авсан гэх гомдлын дагуу ийн шалгасан гэнэ. Хүүхдийн төлөө үндэсний газрын Тамгын газрын дарга Д.Тунгалаг, Хүүхэд хамгаалал үйлчилгээний газрын дарга Б.Жавзанхүү нар гишүүн З.Баянсэлэнгийн өгсөн даалгаврын дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн гэж мэдүүлсэн байна. (zindaa.mn цахим хуудас, 2013 оны гуравдугаар сарын 7) Тэрбээр гишүүн болохоосоо өмнө МАХН-ын дарга Н.Энхбаярт үүсгэсэн хэрэгт хяналт тавьж байсан прокурорын биед халдсан гэх үндэслэлээр шүүхэд дуудагдаж байсан удаатай.
10. С.Баярцогт (УИХ-ын гишүүн): -Швейцарь дахь дансаа хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ дурдаагүйн төлөө тэрбээр УИХ-ын дэд даргын суудлаас буусан.
11. Л.Болд, С.Эрдэнэ (УИХ-ын гишүүн): -Батлан хамгаалын болон Гадаад хэргийн сайдаар ажиллаж байхдаа ойр дотны хүмүүсээ өндөр албан тушаалд томилсон гэх шүүмжлэл түүнээс салдаггүй. Түүнийг Гадаад хэргийн сайд Л.Болд төрийн албыг төрлийнх болгож байгаа тухай манай сонин нийтэлж байсан. Энэ шүүмжлэл С.Эрдэнийг ч байнга дагадаг.
12. Х.Болорчулуун (УИХ-ын гишүүн): -Төрсөн дүү, цагдаа мэргэжилтэй Х.Болор-Эрдэнэ нь Монгол, Оросын хамтарсан “Монголросцветмет” ХХК-г удирдах болсон нь ахын хаялга гэлцдэг.
13. Р.Бурмаа (УИХ-ын гишүүн): -Хүнс, хөдөө аж ахуйн сайд болохоос өмнө “давхар дээл”-ийг хамгийн их эсэргүүцэж байсан тэрбээр нэг л өдөр гишүүний “дээл”-ээ сайдынхаар давхарласан.
14. Д.Ганбат (УИХ-ын гишүүн): -Сонгуулийн өмнө улстөрчид иргэд, сонгогчдод юу, эсийг тараадаг билээ. Лав л Д.Ганбат гишүүн оны өмнөөс нэрээ “сийлсэн” бидон тарааж эхэлсэн юм билээ. Сонголт, иргэдийн итгэлийг эд бараа, хөрөнгө мөнгөөр худалдаж авах гэсэн нийтлэг төрх энэ.
15. М.Зоригт (УИХ-ын гишүүн): -Төрийн ордонд бус, твиттерт ажилладаг нэгэн. Ингэхдээ эротик маягийн зургаар цахим ертөнцийг байлдан дагуулдаг түүний сэтгэц эрүүл гэдэгт эргэлздэг гэдгээ цөөнгүй хүн илэрхийлээд буй.
16. Б.Наранхүү (УИХ-ын гишүүн): -Яах гэж парламентын гишүүн болсон нь тун ойлгомжгүй нэгэн. Учир нь тэр байнга ажил тасалдаг.
17. Н.Номтойбаяр (УИХ-ын гишүүн): -Олон нийтийн газар хүнтэй маргалдаж, биед нь халдсан.
18. Ц.Нямдорж (УИХ-ын гишүүн): -УИХ-ын даргаа байхдаа хууль зассан гэх үндэслэлээр албан тушаалаа өгч байсан.
19. Л.Пүрэвсүрэн (Гадаад хэргийн сайд): -Тэрбээр танхимын зарчмаар ажиллах журмыг зөрчиж, дэгс, хариуцлагагүй мэдээлэл тараасныхаа төлөө сахилгын шийтгэл хүртээд буй.
20. Х.Тэмүүжин (УИХ-ын гишүүн): -Тэрбээр Г.Сарангэрэл гэх бүсгүйн “сайн ах” болсон.
21. Г.Шийлэгдамба (Эрүүл мэнд, спортын сайд асан): -Авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт татагдан шалгуулж буй.
22. Л.Эрдэнэчимэг (УИХ-ын гишүүн): -Бүргэдээр чихмэл туулай бариулснаа бахархалтай, бас баримттай дэлгэсэн нь багагүй шүүмжлэл дагуулсан юм.
Б.НОМИН