Өнөөдөр Монгол улс Ардчилсан Үндсэн хуулиа баталсны 24 жилийн түүхэн тэмдэглэлт өдөр. Энэ өдөр бага хурлын гишүүд, Ардын их хурлын депутатууд, эрдэмтэн судлаач, хууль боловсруулагчид болон Монголын бүх иргэдийн баярын өдөр юм.
1992 оны 1 дүгээр сарын 13-нд Ардын их хурлын 430 депутат 76 хоногийн турш хуралдан, ард нийтийн санал асуулгад 1,2 сая хүний 75 хувь нь оролцож 200 гаруй мянган санал ирүүлснийг судлан тусгаж, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан, ардчилсан тогтолцооны үндэс бүхий хуулиа баталсан билээ.
Монголчууд түүхэндээ дөрвөн удаа Үндсэн хууль баталснаас 1992 оны Үндсэн хууль манай орны нийт хүн амыг анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлаагүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлснээрээ ардчилсан хууль болсон байна.
Үндсэн хуулийн өдөрт зориулсан арга хэмжээнүүдээс дурдвал:
- Улсын Бага хурал, Улсын Их хурлын гишүүдийн бүрэн эрхийн хугацаагаар гаргасан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт 10:00 цагаас Төрийн ордны хоёрдугаар давхарт
- Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол 10:30 цагаас Есөн хөлт цагаан тугийн дэргэд
- Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол 11:00 цагаас Чингис хааны талбайд
- Үндсэн хууль тогтоогчдын уулзалт ярилцлага 11:30 цагаас
- Монгол улсын Үндсэн хуулийн өдөр зориулсан Үндэсний бөхийн барилдаан 14:00 цагаас Монгол бөхийн өргөөнд тус тус болно.