2015.12.24 Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн байрлалд
Он солигдохоос долоохон хоногийн өмнө Зэвсэгт хүчний 337 дугаар анги буюу цэргийн нисэх хүчний МИ-8Т загварын нисдэг тэрэг сургалтын нислэгийн үеэр осолдож, нэг хүн нас барж, 10 гаруй хүн гэмтсэн.
Талийгаач бортмеханик Н.Батбаяр хөлөг нь осолдох үед шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлж, эцсийн амьсгалаа хураатал тэмцсэнээр зорчигч олон хүний амийг аварсан гэж өдгөө БХЯ, ЗХЖШ-ынхан ярьж байгаа юм.
Тэгвэл ЗХЖШ-ын даргын зөвлөлийн хурлаар энэ осол гарахад нөлөөлсөн гэм буруутай хүмүүст хариуцлага тооцох хурал болно гэдгийг нэлээд олон хоногийн өмнө тус штабынхан ярьж байсан ч өдий хүртэл хэнд ч хариуцлага тооцоогүй байна.
Харин энэ асуудалд ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч, хурандаа Ш.Энхбат өөрийгөө буруутай гэж үзэн албан тушаалаа сайн дураараа өгөх хүсэлтээ ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваад гаргажээ. Үүнийг нь ч ёсоор болгосон талаар БХЯ-ны эх сурвалж хэллээ.
Ш.Энхбат нь ЗХЖШ-ын хуучин дарга, дэслэгч генерал Ц.Бямбажавын үед буюу 2009 оны намар хууль бус тушаалаар, үндэслэлгүйгээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байсан юм. Харин хурандаа Ш.Энхбат хууль бус уг шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд хандан ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гаргаж байсан юм.
Гэвч ЗХЖШ-ын дарга асан, дэслэгч генерал Ц.Бямбажав шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлээгүй удсаны эцэст таван жил зургаан сарын дараа хурандаа Ш.Энхбат ажилдаа буцаж очоод байсан юм.
Харин ЗХЖШ-ын офицер ахлагч нарын дунд “АДХЦ-ийн командлагч нь ингэж өөрийгөө ухамсарлаж ажлаа өгч, хариуцлагаа хүлээж байхад Ерөнхий зориулалтын цэргийн командлагч нь хариуцлага хүлээх нь бүү хэл, тушаал дэвшиж байгаа нь хачирхалтай, шударга зүйл гэж алга болжээ” хэмээн шивэр авир гэлцэж байна.
Тухайлбал, 2014 онд Ерөнхий зориулалтын цэргийн 120, 234 дүгээр ангийн хоёр ч ахлагч амиа алдахад ангиудын захирагч нарт нь хариуцлага тооцоод дууссан гэнэ.
Мөн 016 дугаар бригадын цэргүүд зөвшөөрөлгүйгээр хувийн компанийн барилга дээр ажиллаж, Хойд Солонгосын хар ажилчдад зодуулан гэмтсэн байхад хэн ч хариуцлага хүлээлгүй өнгөрсөн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Түүгээр зогсохгүй, Цэргийн хангалт үйлчилгээний газрын харьяа Сүхбаатар аймаг дахь барилгын 338 дугаар ангид цэрэг бие эрхтнээ санаатай гэмтээсэн, Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид цэргийн алба хаагч бас л хууль бусаар хувийн компанийн барилгад ажиллаж байгаад хүнд гэмтсэн, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн хоёр ажилтан муудалцаж нэгнийхээ амийг бүрэлгэчихээд байхад бас л таг дуугүй өнгөрсөн ЗХЖШ-ын удирдлагуудад хурандаа Ш.Энхбат ёс зүйг сануулан ажлаа өгч буй бололтой.
Г.РАВЖАА