Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хууль бусаар чоно агнаж, худалдан борлуулсан иргэнийг илрүүлжээ. Тодруулбал, он гарсаар Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Ш овогтой Б нь худалдан борлуулах зорилгоор зохих эрхийн бичиг гарал үүслийн гэрчилгээгүйгээр нийслэлд оруулж ирсэн гурван ширхэг эр, гурван ширхэг эм чоныг тус дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 6-18 тоот хашаанд хадгалж байсныг илрүүлэн хураан авсан ба 6.900.000 төгрөгийн нөхөн төлбөр тооцсон талаараа мэдээллээ. Мөн түүнчлэн иргэн, аж ахуйн нэгжид зөвшөөрөлгүй ан агнуур хийхээ зогсоож хуулийг мөрдөж байхыг анхааруулж байна.
Уг нь Монгол Улсын “Амьтны тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх /Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно/ заалтын дагуу зөвшөөрөлгүй ан агнахыг хориглодог, Иргэн, аж ахуйн нэгж нь тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх /Иргэн ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад эрхийн бичиг, иргэн, хуулийн этгээд тусгай зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад тусгай зөвшөөрөл тус тус авч, үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад гэрээ байгуулна/ заалт, 25 дугаар зүйлийн 25.3 дах /Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн сум дахь байгаль хамгаалагч гарал үүслийн тодорхойлолт олгоно/ заалтуудын дагуу холбогдох материалыг бүрдүүлэх ёстой байна.
Нэн ховор болон ховор амьтнаас бусад төрлийн ан амьтдыг иргэд ахуйн хэрэгцээгээ хангах зорилгоор эрхийн бичгийн дагуу агнаж барьж болно.
Ховор амьтдын жагсаалтад орсон ан амьтдыг тусгай зөвшөөрлийн дагуу зөвхөн тусгай зориулалтаар агнаж барьж болно.
Нэн ховор ан амьтдыг агнахыг барихыг хуулиар хориглосон байдаг ба зөвхөн тусгай зөвшөөрлийн дагуу эрдэм шинжилгээний зориулалтаар агнаж барьж болдог байна
Зөвшөөрөлгүй ан агнасан тохиолдолд Монгол улсын “Амьтны тухай” хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.9 дэх /зохих эрхийн бичиг, тусгай зөвшөөрөлгүйгээр ахуйн болон тусгай зориулалтаарагнуурын амьтан агнасан, барьсан, энэ хуулийн 26.3-т заасан ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан бол хурааж, иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох/ заалтын дагуу торгож, 37 дугаар зүйлийн 37.3 дах /Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна/заалт, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх /Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ/ заалтын дагуу нөхөн төлбөр тооцдог аж.