Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Ганчимэг нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж дуусчээ. Сайд асан Г.Шийлэгдамбыг бусдаас онц их хэмжээний хахууль авахыг завдсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн 268.2, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Ганчимэгийг хахууль авахыг завдсан буюу 268.2, бусдад хээл хахууль өгсөн 269.1 гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ.
Мөн Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Насанбат нарт холбогдох хэргийг АТГ-ынхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн аж. Уг хэрэгт холбогдсон “Өсөх урам” компанийн ерөнхий захирал М.Төмөртогоо, “Дархан АЗЗА” ТӨХК зэргийг зам тавих тендерт ялуулахын тулд Засаг дарга С.Насанбат 80 сая төгрөгийн авлига авсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дууссан аж.