Эдийн засгийн хямралтай энэ онд хүүхдэд олгодог 20 мянган төгрөгийг яаж ийгээд таслахгүй байх улс төрийн даалгавар төрийн их жас Сангийн сайдад цементэн дээр цэцэг тарихын адил хүнддэж байгаа юм. Сонгууль болох гэж байхад сонгогчдын хайртай хүүхдүүдийг гомдоох дүүрчихсэн тэнэг АН-д мэдээж үгүй.
Л.Гүндалай сонгогдвол хүүхдэд сар бүр 80 мянган төгрөг өгөхөө мэдэгдэж төрөлх намаа тэнхээгээрээ басахыг харсан уу. Монгол Улс 20 мянгаа яая гэж байхад юун 80 мянга билээ. Ийм боломжгүй гэдгийг мань Л.Гүндалай мэдэхийн цаагуур мэдэх боловч түүнд яг одоо сонгогчдод таалагдах аргагүй шалтгаан бийг уншигч түмэн ойлгоорой.
Түүнд болон түүн шиг сонгуульд горилогчдын онгод гүн орох гамшиг нь ган, зудны дайтай шүү. Монголчууд долоо дахь УИХ-аа ардчилсан сонгуулиар сонгох гэж байна.
Алиа ч юм шиг, аль эсвэл элий балай, худалч, магадгүй хулгайч улстөрчдийн өмнөөс ичих, айх, болгоомжлох мэдрэмжийг уншигчидтайгаа хуваалцах өдрүүд ийн эхэллээ.
Сонгууль хүртэл таван сар дутуу, “сонгууль эхэллээ” гэж ярихад арай ч эртдэх байтал улс төрийн уур амьсгалд “урь” орж, олон нийтийг хамруулсан дуулиан дэгдэх нь нээрэн сонгууль л даа гэх “зөвтгөлийг” дагуулах боллоо.
Улс төрийн зорилготой, зохион байгуулалттай, “асар том гэмт бүлэглэлийн” үйлдсэн байж болзошгүй гэнэтийн явдлууд шил дараалав. Нэгийнх нь шуугиан саарч амжаагүй байхад удаах нь донсолгосоор.
Улс төр бол энгийн хүний хүсэл мөрөөдөл, харах гэж хичээж буй чигийг ашиглан дөрөөлөх тоглолт тул иргэд хэт авталгүй дүгнэх, хэн нь хэн болохыг ялгаж салгах нь сонгогчдын боловсролын салшгүй хэсэг болох учиртай.
Улстөрчдийн худал амлалтаас гадна болж байгаа үйл явдлыг бодит бусаар тайлбарлах, өөрт ашигтайгаар хийсвэрлэн өрнүүлэх зэрэг бусармаг арга хэлбэр гарч болзошгүй.
Энэ нь сонгогчдын саналд сөргөөр нөлөөлөх сонгуулийн технологийн шалгарсан барил юм. Дор дурдсан үйл явдлууд олны анхаарлыг гойд татаж, нийгмийн сүлжээг хамгийн их халаасан.
Манай сонины www.mongolnews.mn цахим хуудсаар жишээ авахад, “Женко” Х.Баттулга нарын сэжиглэгдсэн төмөр замын тендерийн талаарх нийтлэлүүд ердийн мэдээллээс 200 дахин их сэтгэгдэл, 80 дахин олон хандалтаар тэргүүлжээ. Мэргэжлийн комментчидийн үүрэг энд асар их байсан нь ойлгомжтой.
2015 ОНЫ АРАВДУГААР САРЫН 30. Б.БАТЗАЯАГ БАРИВЧЛАВ
Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг гэрээс нь баривчлав.
Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын гэрээний эрхийг “Самсунг Си Ти” компанид тендергүй өгсөн тухайд түүнийг байцааж эхлээд хоёр сар гаруй хугацаа өнгөрч байна.
2015 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 14. Д.БУЛГАНЫГ ХОРИЛОО
Талийгаач С.Зоригийн гэргий Д.Булганыг шөнөөр гэрээс нь баривчилж, 461 дүгээр ангид хорив. Үүнээс хойш мөрдөн байцаалтын ажиллагаа хоёр сар үргэлжилж байна. УИХ-ын сонгууль болгоны өмнө С.Зоригийн амь насыг хөнөөсөн этгээдийг илрүүлэх “тусгай ажиллагааг” өрнүүлдэг зан Монголын улс төрийн томоохон хоёр хүчинд бий.
Энэ удаа ч С.Зоригийн амь насыг егүүтгэсэн болоод аллага захиалсан хүмүүс 18 жилийн дараа, одоо яг жинхнээсээ олдох гэж байгаа сурагтай. Үнэхээр олдвол сайн хэрэг. Улстөрчийн үхлийн бодит үнэн бидэнд олон зүйлийг ухааруулах түүх болж үлдэх учиртай.
Эс бөгөөс хэдий болтол сонгуулийн жилийн технологи болж хэрэглэгдэх гэж. Гэвч сонгуулийн жилд УИХ-д л сонгогдож байвал С.Зоригийн үхэл шиг нарийн түвэгтэй явдлын учир шалтгааныг илрүүлэхээ худал, үнэн нь бүү мэд дарвайтал амлагч МАХН-ын Д.Мөрөн шиг “баатрууд” олноороо төрнө. Энэ удаа АН өөрөө энэ хэргийг илрүүлэх аманд гарав бололтой.
2015 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 20. СЭТГҮҮЛЧ Л.БОЛОРМАА ТААЛАЛ ТӨГСӨВ
“Монголиан майнинг журнал” сэтгүүлийг үүсгэн байгуулагч, Монголын сэтгүүл зүйн халдашгүй бахархал Л.Болормаа зуурдаар таалал төгссөн мэдээ олныг хирдхийлгэлээ. (Мэргэжлийн ур чадварыг нь бишрэгчийн хувьд түүний эзгүй сэтгүүл зүйд харуусах сэтгэл тээдэг билээ. Б.Э).
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс талийгаачид хийсэн задлан шинжилгээний хариу өнгөрсөн сард гарсан бөгөөд “Дагзны яс хугарснаас үүдэн цус харван амиа алдсан” гэж дүгнэв. Өдгөө энэ хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Сэтгүүлчийн цаг бус үхлийн тухай мэдээ нийгмийн сүлжээнд тарсан даруйд нэр бүхий улстөрчдийг хардсан, буруутгасан сэтгэгдэл давамгайлсан.
Түүний сүүлийн үед бичиж байсан төмөр замын сэдэв болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нийгмийн асуудлыг хөндсөн шүүмжлэлт нийтлэлүүд олны анхаарлыг дахин татав.
Хуулийн байгууллага эцсийн дүгнэлтийг мадаггүй тогтоох хүртэл сонгуульд горилсон улстөрчид үнэн мөнийг бүү булингартуулаасай.
2015 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 31. Х.БАТТУЛГА, А.ГАНСҮХ НАРЫГ СЭЖИГТНЭЭР ТАТЛАА
Б.Батзаяагийн дотнын анд, хуурай ах, УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх нарыг Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын тендерээс мөнгө завшсан хэргийн сэжигтнээр татлаа.
Б.Батзаяа хэнээс өгсөн чиглэлийн дагуу ажилласныг тогтоохын тулд цагдаагийнхан тухайн үеийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Зам, тээврийн сайд А.Гансүх нарыг байцааж байгаа юм.
2016 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 9. “ХАР МАТЕРИАЛ” АЛДАГДАВ
МАХН-ын дарга Н.Энхбаяр “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцохдоо “хөшигний ард” ярьсан бичлэг “Херо интертайнмент” студийн архиваас алдагдаж, амралтын өдрүүдэд нийгмийн сүлжээгээр тархлаа.
“Эл бичлэгийг хоёр сар орчмын өмнө алдсан байх магадлалтай” гэж найруулагч Б.Баатар хэлсэн. Тэрбээр үүнийг хулгай гэж үзэж буй бөгөөд зохион байгуулалттай, тодорхой зорилготой томоохон бүлэглэлийн үйлдэл хэмээгээд буй.
Гэвч олон нийтийн дунд “Херо Энтертайнмент”-ынхныг “Женко” Х.Баттулгын захиалгаар төмөр замын хэргээс олны анхаарлыг холдуулах гэж зориуд тараав уу гэх эргэлзээ хүчтэй байна. Яагаад гэвэл Х.Баттулга уг төслийн залуустай дотно харилцаатай, хуурай ах нь гэдэг.
Амьдрал үргэлжилж байгаа цагт зохион байгуулалттай хийгээд гэнэтийн явдлаар хорвоо дүүрэн эргэлдэнэ. Ялангуяа сонгуулийн жилд улстөрчид санамсаргүй явдлыг санаатайгаар гуйвуулах, гэнэтийн тохиолдлыг гэмтэй болгон ашиглах, харин зохион байгуулалттай үйлдлээ санамсаргүй, гэнэтийн мэтээр зарлах башир аргатай.
Энэ удаагийн сонгуулийн өмнөх өдрүүд урьд өмнөхөөс урт, бас хахир байх төлөв ажиглагдаж байна. Тиймээс шинэ УИХ-ыг сонгохдоо өрөвдөх, үзэн ядах сэтгэлийн хөдлөл, сэжиг таамагт автсан тогтворгүй зангаар биш, монголчуудын өөрсдөөрөө бахархдаг тэнгэр мэт оршихуй, тал шигээ уудам ухаанаар хандах хэрэгтэй.
Б.ЭНХЦЭЦЭГ